Литва Оросын ачааг нутгаараа дамжуулахыг хориглож, ОХУ хариуд нь сүрдүүлэв

Литва улс Европын хоригт багтсан бараа бүтээгдэхүүнүүдийг нутгаар нь дамжуулан Калининград муж руу хүргэх төмөр замын транзит тээвэрт хориг тавьжээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, нүүрс, металл, цемент, мод, барилгын материал болон өндөр технологийн бүтээгдэхүүнүүд хоригт багтсан байна. Цаашлаад, наймдугаар сард газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хориг тавьж болзошгүй аж. Калининград мужийн захирагч Антон Алихановын өгүүлснээр, Оросын нийт ачааны 40-50 хувь нь хоригт өртжээ.
Энэ хориг хязгаарлалтыг Еврокомисстой зөвшилцөн тавьсан гэж Литва улсын Гадаад хэргийн сайд Габриэлюс Ландсбергис мэдэгдсэн байна.
Литва улсын энэ үйлдэл нь хууль бус гэж Калининградын захирагч мэдэгдээд, энэ хоригтой холбоотойгоор Еврокомиссоос тайлбар авна хэмээн онцолжээ.
“Энэ бол Балти орчмын орнууд ЕХ-д орох протоколыг бүдүүлгээр зөрчсөн, Калининград муж руу болон мужаас гарах чөлөөт транзитын журмыш көрчсөн хэрэг. Энэ бол хүмүүнлэгийн асуудал. Ийм шийдвэр гарагсан нь манай бүс нутгийг эдийн засгаар боомилох гэсэн оролдлого” хэмээн Алиханов мэдэгджээ.
Транзитад хориг тавьсантай холбоотойгоор Оросын Гадаад хэргийн яам Литва улсын хэргийг түр хариуцах төлөөлөгч болох Виргиния Умбрасенег зургадугаар сарын 20-ны өдөр дуудан уулзсан байна.
Түүнчлэн Литва улсад “шийдэмгий эсэргүүцэл” илэрхийлэн, хязгаарлалт тавьсан энэ үйлдлийг “өдөөн хатгасан”, “илтэд дайсагнасан” хэмээн нэрлэжээ.Үүгээр ч зогсоахгүй, ойрын үед Литва улсын нутгаар дамжин Калининград муж болон Оросын бусад нутаг дэвсгэр хооронд хийгдэх ачаа тээвэрлэлт сэргэхгүй бол Орос улс үндэсний ашиг сонирхлоо хамгаалах үйлдэл хийх эрхтэй гэж анхааруулсан талаар МК агентлаг мэдээлжээ.
МК агентлагийн мэдээлснээр, Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Григорий Карасин Литва улсын хэргийг түр хариуцах төлөөлөгч Виргиния Умбрасенед Оросын талаас авч хэрэгжүүлж болзошгүй хариу арга хэмжээний талаар анхааруулсан гэнэ.
“Манай бүс нутгийг бүслэлтэд оруулахгүйн тулд бид хангалттай шийдэмгий арга хэмжээ авах эрх бидэнд бий <…> Уулзалт яриа ширүүн болж өнгөрсөн” хэмээн Карасин мэдэгджээ.
Гэхдээ Литва улсын энэ үйлдэлд Оросын тал чухам ямар хариу арга хэмжээ авах талаар Карасин тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Энд дуулгахад, Украинд дайн эхэлснээс хойш Европын орнууд дундаас Оросын эсрэг хамгийн хатуу байр суурьтай байсан улс нь Литва юм. Энэ улс Оросын онгоцуудыг нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрүүлэхгүй гэж хамгийн түрүүнд шийдсэн орнуудын нэг байсны дээр Европын холбооны орнууд дундаас хамгийн түрүүнд Оросын байгалийн хийнээс татгалзсан. Түүнчлэн тавдугаар сард Литва улсын парламент тогтоол гаргаж, Оросыг “террорист улс” хэмээн нэрлэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ