Дэлхийн тэргүүлэгч орнууд Оросын алтнаас татгалзана

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германд G7-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энд цугларсан орнуудаас дөрөв нь Оросын алтны нийлүүлэлтийг хориглох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Оросын алт нийлүүлэлтэд хориг тавихаар төлөвлөж байгаагаа дээд хэмжээний уулзалт болохоос өмнө АНУ, Их Британи, Япон, Канад улс мэдэгдсэн байна. Мөн энэ хоригт Герман, Франц, Итали ч нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Америкийн Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
"Орост хэдэн тэрбум долларын орлого оруулдаг, Оросын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох алтны нийлүүлэлтийг бид хориглож байгаагаа зарлана" хэмээн Байден дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнөхөн Твиттер хуудсандаа бичжээ.
Энэ хориг нь "Путиний цэргийн машины зүрхэнд нь тусна" гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна. Британийн олж авсан мэдээллээр, дайн эхэлснээс хойш Оросын олигархиуд мөнгөө хоригт оруулахаас эмээж алтан гулдмай ихээр авах болсон тул Оросын алтны эрэлт эрс нэмэгджээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Британийн Засгийн газар Оросын алтыг хориглох тухай хуулийг ойрын үед парламентаараа хэлэлцүүлэхээр зэхэж байгаа аж. Энэ хоригт шинээр олборлосон алт л хамаарах бөгөөд харин олон улсын зах зээлд хэдийнэ гарсан алтад хамаарахгүй юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ