Хятад, Тайвань буюу сөргөлдөөний түүх хэрхэн эхлэв

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь Тайвань, Хятадын хоорондын харилцаанд шинээр хурцадмал байдал үүсгэв. Энэ хоёр орны харилцаа байнгын сөргөлдөөнтэй байдаг бөгөөд сөргөлдөөний түүх 70 жилийн өмнөөс эхлэлтэй.
БНХАУ Тайванийг эрт орой хэзээ нэгэн цагт Хятадын бүрэлдэхүүнд багтах ёстой, тусгаарлагдсан муж гэж үздэг. Гэхдээ Тайванийн олон оршин суугч 70 жил тусгаар амьдарсаны эцэст өөрсдийгөө тусдаа ард түмэн, харин арлаа тусдаа улс гэж үзэх болсон. Харин энэ арал одоо хэр нь тусгаар тогтнолоо зарлаагүй л байгаа юм.
Түүхийн учиг
Өнөөгийн өмнөд Хятадаас австронези омгууд анх Тайвань аралд суурьшсан гэж түүхэнд үздэг. Энэ бүс нутгийг судлахаар Хятадын эзэн хаан МЭ 239 онд арал руу экспедици илгээснээр Хятадын судар бичигт Тайвань арлын талаар дурдагдах болсон байна. Ийнхүү арлыг судлахаар болсон баримт нь энэ нутгийг эзэмших эрхийн үндэс гэж Бээжин үздэг байна.
Тайвань 1624-1661 оны хооронд Голландын колони, дараа нь 1683-1895 оны хооронд Хятадын Цин гүрний удирдлага дор байжээ. XVII зуунд Тайвань руу Хятадын цагаачид олноор ирэх болсон гэнэ. Тухайн үед хүмүүс эмх замбараагүй байдал, ядуу амьдралаас зугтан арлыг зорьдог байж. Ихэвчлэн Фужянь муж, Гуандун мужаас хятадууд очдог байсан бөгөөд өдгөө тэдний үр удам Тайванийн хүн амын хамгийн том бүлгийг бүрдүүлдэг аж.
Хятад, Японы дайны дараа, 1895 онд Цин гүрний засгийн газар Тайванийг Японд өгөхөөс аргагүй болов. Харин Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Хятадаас авсан энэ газар нутагт хяналт тавихаас татгалзжээ. Ингээд холбоотнууд, АНУ болон Их Британийн зөвшөөрөлтэйгээр Тайванийг удирдах болсон байна.
Гэвч үүний дараа Чан Кайшигийн удирдсан Гоминьданы намын засгийн газар болон Мао Зэдуний тэргүүлсэн Хятадын Коммунист намын цэргийн хооронд иргэний дайн дэгдэв. Энэ дайд Гоминьдан ялагджээ. 1949 онд Чан Кайши болон түүнийг дэмжигч 1,5 сая хүн Тайвань руу дүрвэв. Тэндээ Чан Кайши Засгийн газар байгуулж, нутаг дэвсгэрээ Бүгд Найрамдах Хятад Улс хэмээн нэрлэж, 25 жил удирджээ.
Чан Кайшитай хамт дүрвэн очсон эх газрын хятадууд хүн амын ердөө 14 хувийг эзлэж байсан ч Тайванийн улс төрд олон жилийн туршид зонхилох үүрэг гүйцэтгэсэн байна. Чан Кайшигийн дараа түүний хүү Жян Жинго Тайванийг удирдах болов. Тэрбээр Николай Владимирович Елизаров гэх нэрээрээ ч алдартай, түүнийг залууд нь Москва руу сургахаар илгээж, Жян Жинго Лениний эгчийнд амьдран, “Уралмаш” үйлдвэрт ч ажиллаж байсан гэх.
1937 онд Жян Жинго Тайвань руу Зөвлөлтийн эхнэртэйгээ хамт эргэн иржээ. Тэрбээр нээлттэй, ардчилсан хандлагатай байснаараа ялгардаг байсан гэх. Тайваньд эцгийнхээ засгийн газарт Дотоод хэргийн сайд байхдаа Жян Жинго коммунист бослого гаргах гэсэн хэд хэдэн оролдлогыг дарсан байна.
Эцгийгээ бие барсны дараа тэрбээр Гоминьданыг тэргүүлэх болж, харин 1978 онд Тайванийн ерөнхийлөгч болсон бөгөөд 1988 онд таалал төгсөх хүртлээ хоёр удаа улиран сонгогджээ. Жян Жингог амьд ахуйд ардчилсан реформ гарч байсан аж. Гэхдээ засаглал нь авторитар хэвээр үлджээ.
Жян Жингог дэд ерөнхийлөгч асан Ли Денхуэй залгамжлав. Түүнийг “Тайванийн ардчиллын эцэг” хэмээдэг. Ли үндсэн хуулийн шинэчлэл хийж, 2000 онд энэ улсад анх удаа Гоминьдан намд хамаардаггүй хүн ерөнхийлөгч болжээ. Тэр нь Чэнь Шуйбань байв.
Тайванийг хүлээн зөвшөөрдөг орнууд
Тайванийг чухам юу гэж нэрлэх тал дээр ихээхэн санал зөрөлдөөнтэй байдаг. Энэ арал өөрийн гэсэн үндсэн хуультай, ардчилсан байдлаар сонгогдсон тэргүүнүүдтэй, мөн 300 мянга орчим бие бүрэлдэхүүн бүхий арми энд бий.
Энд анх засгийн газар байгуулж байсан Чан Кайши Тайванийг бүх Хятадыг төлөөлж байгаа хэмээн баталж, улс орноо эргүүлэн олж авна гэсэн санаатай байв. Тэр бүү хэл Тайвань НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудалтай байлаа. Учир нь Барууны олон орон гагцхүү Чан Кайшигийн Засгийн газрыг Хятадын жинхэнэ Засгийн газар гэж үздэг байв.
Харин өнгөрсөн зууны 70-аад оноос эхлэн Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүн эх газрын Хятадад амьдарч буй олон сая хүнийг Тайвань төлөөлж чадахгүй гэж ярих болжээ.
Ингээд 1971 онд НҮБ Тайванийг хасаж, Бээжинд суудлыг нь эргүүлэн өгөв. 1978 онд Хятад эдийн засгаа нээлттэй болгож, энэ улстай худалдаа, харилцаагаа хөгжүүлэх боломжтой гэдгийг ухаарсан АНУ 1979 онд Бээжинтэй албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ.
Энэ үеэс хойш Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг орнуудын тоо эрс буурсан бөгөөд өдгөө дэлхийн 15 улс л Тайванийг хүлээн зөвшөөрдөг юм.
Хятад, Тайванийн өнөөгийн харилцаа
1980 онд Тайвань, Хятадын харилцаа намжмал болж эхэлжээ. Хятадад зочлох, хөрөнгө оруулах журмыг Тайвань хялбаршуулсан бол 1991 онд БНХАУ-тай хийсэн дайн дууссан хэмээн зарласан юм.
Тайвань Хятадад нэгдэхийг зөвшөөрвөл автономит эрхээ хадгалан үлдэх "нэг улс, хоёр систем" гэсэн хувилбарыг Хятад санал болгож байв. Чухамхүү ийм хувилбараар 1997 онд БНХАУ Хонконгийг өөртөө нэгтгэж байв. Харин энэ саналд Тайвань татгалзсан хариу өгчээ.
2000 онд төрийн эрхэнд гарсан Тайванийн Ерөнхийлөгч Чэнь Шуйбян болон Ардчилсан хөгжлийн яам Тайваний тусгаар тогтнолыг зарлахыг ил тод уриалах болсон нь Хятадын хувьд толгойн өвчин болжээ. 2004 онд Чэн улиран сонгогдсон бол жилийн дараа БНХАУ Тайвань салан тусгаарлахаар завдвал "энхийн бус арга" ашиглах боломж олгох "салан тусгаарлахын эсрэг хууль"-ийг баталсан юм.
Чэний дараа, 2008 онд төрийн эрхэнд Гоминьдан намын улс төрч Ман Инжю гарав. Тэрбээр эдийн засгийн хэлэлцээрийн тусламжтайгаар Хятадтай харилцаагаа сайжруулахыг хичээж байв. Харин 2016 онд Ардчилсан хөгжлийн намаас нэр дэвшсэн Цай Инвэнь Ерөнхийлөгч болсноор Хятад, Тайванийн харилцаа дахин мууджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ