Газрын тосны нөөцлүүрт гарсан галыг унтраах ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Кубын хойд хэсэгт наймдугаар сарын тавны өдөр газрын тосны агуулах шатаж эхэлсэн бөгөөд энэ үеэр 122 хүн гэмтэж бэртжээ. Тэдний дунд Кубын Эрчим хүч, уул уурхайн сайд Ливан Арронте ч байгаа талаар ВВС мэдээлсэн байна.
Матансас боомт дээр аянга буусны улмаас гал гарч эхэлжээ. Энэ боомт газрын тос зөөвөрлөдөг танкеруудын хөдөлгөөний хамгийн чухал бааз бөгөөд түлш хадгалах найман нөөцлүүртэй байдаг аж. Гал гарсны дараа ар араасаа дэлбэрэлт болж, 17 хүн сураггүй болжээ.
Кубын Газрын тосны улсын компанийн захирал Нестор Пересийн мэдээлснээр, нэг болон хоёрдугаар нөөцлүүрүүд эвдэрсэн, шатаж байгаа гэнэ. Галын бүсийг хяналтад оруулсан, гуравдугаар нөөцлүүр рүү гал алдахгүйн тулд хөргөлтийн систем байгуулж байгаа аж. Гуравдугаар нөөцлүүрт 24 мянган кубметр орчим түүхий газрын тос хадгалагдаж байгаа юм байна.
Наймдугаар сарын наймны өглөөний 06.00 цаг гэхэд галын улмаас хохихрсон 122 хүн эмнэлгийн тусламж авч, 98 хүн эмнэлгээс гарчээ. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн тавынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Гал унтраах үеэр нэг хүн амиа алдсан нь гал сөнөөгч байсан гэнэ.
Галыг унтраахаар Мексик, Венесуэлээс тусгай техник ирсэн байна. Наймдугаар сарын долооны ням гарагт Венесуэлийн Convisa агаарын тээврийн компанийн А340-600 онгоц гал унтраахад зориулсан 20 тонн ачааг тээвэрлэн Кубад газарджээ. Түүнчлэн 35 гал сөнөөгч, техникийн мэргэжилтнүүд Кубад туслахаар Венесуэлиэс очсон байна. Харин Мексикээс 60 цэргийн алба хаагч, 16 техникийн ажилтан очжээ.
Мексик болон Венсуэль улсаас гадна Никарагуа, Чили, АНУ, ЕХ гал унтраах ажилд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ