TIME: Монголын Ерөнхий сайд Орос, Хятадаас цааш харж, улс орноо өөрчлөх хүсэлтэй

Тайм сэтгүүлд сэтгүүлч Чарли Кэмпбел Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар “Монголын Ерөнхий сайд Орос, Хятадаас цааш харж, улс орноо өөрчлөхийг хүсэж байна” нийтлэл хэвлүүлснийг товчлон хүргэж байна.
Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэрэг эр болон янзага дүрсэлсэн, алтадсан жаазтай зурагны наана сууна. Энэ зургийг “Дайнд яваа баатар” гэх бөгөөд Монголын зураач Отгонтүвдэн Бадам зуржээ. Гэхдээ Хятад, Оросын хооронд хавчигдсан Монгол Улс дайнд явах шаардлага үгүй.
Оюунэ-Эрдэнэ ч үүнийг сайн ойлгодог. “Геополиткийн хувьд бид хоёр том гүрний дунд оршдог” хэмээн долдугаар сард өгсөн ярилцлагадаа өгүүлж байв. Нутаг дэвсгэрийн хувьд Туркээс хоёр дахин том энэ нутагт ердөө 3,3 сая хүн амьдардаг.
“Бид олон улсын эдийн засгийн савлагаанд их мэдрэг, нэг талаас сайн, нөгөө талаас тун бэрх” хэмээн тэрбээр өгүүлж байв.
Сайн тал нь илэрхий. Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог бол ураны нөөцөөр хоёрдугаарт бичигдэхийн дээр мөнгөний ихээхэн нөөцтэй улс. Үүн дээр алт, зэс, төмрийн хүдэр, фосфор, цайрын ихээхэн нөөц нэмэгдэх бөгөөд түүхий эдийн үнэ огцом өсөх нь энэ улсын төсөвт сайнаар нөлөөлдгийн шалтгаан тодорхой болно.
Гэхдээ нөгөө талаас, бэрхшээлтэй тал нь инфляци. Талаар нэг тарсан нүүдэлчин ард түмний хувьд нэн чухал түлш, тэр дундаа дизель түлшний үнэ хурдацтай өссөөр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу дайрах тушаал өгч, улмаар барууны орнууд хориг тавьсан нь Монголын томоохон нийлүүлэгч болох ОХУ-д химийн бодис болон хүнсний бүтээгдэхүүн огцом өсөхөд нөлөөлсөн юм.
<...> Өнгөрсөн онд албан тушаалдаа очсон тэрбээр хүн амд ноогдох ДНБ-ийг бараг 10 дахин өсгөх “Алсын хараа 2050” амбицтай төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв.
“Бид гэрийн даалгавраа хийсэн, одоо үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээн Оюун-Эрдэнэ өгүүлсэн юм.
<...> Оюун-Эрдэнэ улс орноо дэлхий дахинд нээлттэй байлгахыг эрмэлздэг. Тэрбээр Сингапураас саяхан ирсэн. Тэнд Оюун-Эрдэнэ бирж дээр Монголын уул уурхайн компаниудыг гаргах талаар хэлэлцсэн юм. Үүнээс өмнө Эстонид очин цахим шилжилтийн талаар, Өмнөд Солонгост хүний нөөциыйн талаар ярьж байлаа.
“Бид гуравдагч хөршүүдтэйгээ цаашид хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа” гэж Монголын Ерөнхий сайд ярьж байна.
Гэхдээ өнөөгийн геополитикийн уур амьсгалд энэ алхам нь улам бүр хүндрэл дагуулж байгаа юм. Орос улс Украин руу түрэмгийлснийг буруушаах НҮБ-ын чуулган дээр Монгол Улс түтгэлзсэн санал өгсөн бол НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Оросыг хасах тухай санал хураалтад эсрэг санал өгсөн юм.
“Орос, Украины даөйны тухайд бид гүнээ харамсаж байгаа, Украин руу хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн” хэмээн Оюун-Эрдэнэ ярив. “Гэхдээ Монгол Улсын гадаад бодлого хараат бус үлдэх ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд болох гол томоохон эдийн засгийн төвүүд сэтгэл хөдлөлөөс ангид шийдвэр гаргаж, прагматик байх ёстой гэж бид үзэж байгаа. Учир нь шийдвэр бүр дэлхийн эдийн засаг, олон сая хүний амьдралд нөлөөлнө” хэмээн Оюун-Эрдэнэ өгүүлсэн юм.
Тэрбээр “хоёр хөрштэйгээ харилцах харилцаа нь нэн тэргүүний зорилт” гэдгийг онцолсон.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ