Багц сурах бичиг 200 мянган төгрөгийн үнэтэй байна
2022-08-31

 

Хичээл сургууль эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Энэ үед эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийх том давааны ард гардаг. Жил бүрийн намар ЕБС-ийн сурах бичгийн асуудал тулгардаг. Энэ жилийн хувьд сурах бичгийн үнэ номын худалдааны дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй худалдаалж байгааг тодруулахаар номын худалдааны төвийг зорилоо.

 

Хаалгаар дөнгөж ормогц ямар ном авах вэ, манайд олон янзын ном байгаа шүү хэмээн баруун зүүн талаас шаагилдаж эхлэв. Шуудхан л хамгийн түрүүнд нүдэнд туссан эгчийн лангуу руу очиж сургуулийн хүүхдийн сурах бичгийн талаарх үнийн мэдээллийг тодрууллаа.

 

-Номын эрэлт хэрэгцээ хэр байна вэ?

 

- Энэ жилийн номын эрэлт их байгаа хэдий ч бидэнд хангалттай хэмжээний ном байхгүй байна. Тийм болохоор урьд урьдын жилүүдээс бага зэрэг үнээ нэмсэн.   

 

-ЕБС-ийн сурах бичгүүд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байгаа вэ?

 

-Он оноосоо шалтгаалж үнэ тус бүр өөр өөр байдаг. Ерөнхийд нь авч үзэхийн бол 10 мянгаас 20 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Харин хамгийн сүүлийн оны сурах бичиг багцаараа 200 мянган төгрөг гэж байна.

 

-Худалдан авч буй хүмүүсийн хувьд ямар хичээлийн сурах бичиг эрэлт хэрэгцээтэй байна вэ?

 

-Математик, Монгол хэл, Хими, Биологи гэсэн хичээлүүдийн ном хамгийн эрэлттэй байдаг. Бусад хичээлийн сурах бичиг харьцангуй бага байдаг. Одоогоор дээр дурдсан дөрвөн хичээлийн ном маш бага тоогоор худалдаалж байна.

 

БШУЯ шийдвэрийн дагуу сурагчид 2019 оноос хойш түрээсийн сурах бичиг хэрэглэж эхэлсэн. Энэ хугацаанд бүх хичээлийн сурах бичгийг багцаар нь олгох бөгөөд, нэг жил түрээслэн ашиглаад сургуулийн номын сандаа буцаан хураалгах зарчимтай. Мөн нэг сурах бичгийг дөрвөн жил дамжуулж ашиглаад актална, жил өнгөрөх тусам ашиглалт, элэгдлийн зардал хасагдаж, түрээсийнх нь үнэ буурах зарчмаар ЕБС-д тараагдаж эхэлсэн билээ.

 

Сурах бичгийн асуудлаар БШУЯ-наас тодруулахад

 

-ЕБС-ийн сурах бичгийн хүрэлцээ хангамж хэр байна вэ?

 

-Хэн нэгэн нь дутуу сурах бичиг захиалчхаад сар хүлээдэг асуудал энэ жил бүрэн шийдэгдэж байгаа. Бага ангийн сурагчдын сурах бичгийн түгээлт эхэлсэн. Дунд болон ахлах ангийн сурах бичиг есдүгээр сарын 15 гэхэд улс даяар бүх сургуульд түгээгдэж дуусах төлөвлөгөөтэй байна. Мөн энэ жил бүх сурах бичгийг системд шилжүүлэх ажил үргэлжилж байна. Ингэснээр 760 мянга гаруй хүүхэд сурах бичгээ цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ.  

 

-Аймаг сумдын боловсролын газруудад сурах бичиг нь хүргэгдсэн болов уу?

 

-Наймдугаар сарын 25-наас алслагдсан сумдад сурах бичиг очсон байхаар төлөвлөсөн. Мөн 760 мянган хүүхдийн гар дээр байх сурах бичиг бүр кодтой тул хэн, ямар хугацаанд ашиглагдаж байгаа нь шууд харагдана. Иймд сурах бичиг дутагддаг асуудал арилна.

 

 Түрээсийн сурах бичгийн үнийн мэдээлэл

         

Анги

Эхний жил Хоёр дахь жил Гурав дахь жил Дөрөв дахь жил 

VI

17200 16700 15700 15200

VII

21000 20400 19200 18600

VIII

21000 20400 19200 18600

IX

20700 20100 19000 18300

X

19200 18600 17600 17000

XI

19200 18600 17600 17000

XII

14000 13600 12800 12400

 

Ц.Наранцацрал

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tvreesiin nom mash zuv gamtai hereglej surna
2022-08-31
zochin:
surah bichgiin asuudal harin ch gaigui boloh gd l bna. tsahimaar awch boldog bolchihson bolohoor iluu amar sanagdaad baigaa shuu. Nomiin hudaldaanii tow arai unetei zarj baina daa. ug ni bol nomiinhoo ard 4500 geh met l unetei baidag ym shd ee
2022-08-31