Франц: Байгалийн хийн нөөц хангалттай бий

Францын Engie компани Оросын талаас худалдан авсан хийн төлбөрийг бүрэн төлөөгүй тул "Газпром" компани ирэх сарын нэгнээс эхлэн байгалийн хий нийлүүлэлтээ зогсоохоор болсон.
ОХУ Франц руу хий нийлүүлэхээ зогсоолоо
Сэрүүний улирал эхлэх үетэй зэрэгцэн ийнхүү хий нийлүүлэхээ зогсоосон ч Франц "Оросын хийгээр дутахгүй" бололтой. Францын хийн нөөц "ердийн өвөлд" хүрэлцэхүйц байгаа, харин хүйтэн өвөл тохиовол нэмэлт бэлтгэл хэрэгтэй гэж тус улсын эрх баригчид үзэж байгаа талаар BFM TV мэдээлжээ.
Францын Экологийн шилжилтийн сайд Аньес Панье-Рюнашегийн өгүүлснээр "ердийн өвөлд хангалттай хүрэлцэхүйц хий бий, гэхдээ хүйтэн өвөл болвол хэрхэх тал дээрээ бэлтгэх ёстой" гэнэ.
"Бид цахилгаан эрчим хүч, хийн хэрэглээгээ багасгаж чадвал өвлийг өнтэй давна. Ингэж чадахгүй бол эрчим хүчний хэрэглээнд норм тогтоохоос аргагүй байдалд хүрнэ" хэмээн Аньес-Панье өгүүлжээ. Түүний өгүүлснээр, Францын хийн стратегийн нөөц 90 гаруй хувийн дүүргэлттэй байгаа гэнэ.
Харин Францын хэвлэлүүд тус улс хийн нөөцийн тал дээр өвөлдөө бэлдсэн ч хүйтэн өвөл тохиовол цахилгаан эрчим хүчний хүндрэл үүсэж болзошгүй хэмээн таамаглаж байна. Франц улсад 51 цөмийн реактор байдаг ч эдгээрийн 32 нь одоо зогссон байгаа аж. Өмнө нь энэ улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг байсан бол одоо цахилгаан эрчим хүчийг импортоор авдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ