Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, эрчим хүчний хэрэглээний төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцсэн бельгичүүд лхагва гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Евроньюс агентлагийн мэдээлснээр, энэ жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон байна.
Бельгийн гурван гол үйлдвэрчний эвлэлийн өнгө болох ногоон, хөх, улаан өнгийн хувцас өмссөн жагсагчид орон нутаг, үндэсний болон Европын эрх баригчдыг шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаарджээ.
"Эрчим хүчний үнэ, ер нь амьдралын өртөг бүхэлдээ өсөж байгаагийн эсрэг тэмцэх ёстой. Амьдрахад хүнд болж байна" хэмээн жагсаалд оролцогч Беа Фуберт сэтгүүлчдэд ярьсан бол өөр нэг оролцогч "Манай засгийн газар асуудлыг шийднэ гэж би бодож байна. Украин, Оросын хооронд сөргөлдөөн гарна уу, эсвэл геополитикийн ч юм уу өөр нэг сөргөлдөөн байх эсэх нь надад огт хамаагүй " гэж ярьжээ.
Жагсагчид худалдан авах чадвар буурч байгааг мөн эсэргүүцэн, цалин нэмэхийг шаардсан байна. Сүүлийн үед энэ төрлийн жагсаал Европ даяар өрнөж байгаа юм. Украин Оросын дайнаас үүдэлтэй хямрал дэлхий дахиныг бүрхэж байгаа бөгөөд тэр дундаа Оросын хийнд хориг тавьсан Европын орнуудад эрчим хүчний үнэ өсөж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлэх шалтгаан болж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |