ВИДЕО: Дайчилгааг эсэргүүцсэн жагсаалын үеэр буун дуу гарч, жагсаалыг хүчээр даржээ
Есдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар Орос даяар бужигнаан үүсгэсэн юм. Дайчилгааны насны эрчүүд олноор хилийн чанадыг зорих болж, тийзний эрэлт огцом нэмэгдсэн бол хил залгаа улс орнууд руу орох хуурай замын хилийн боомт дээр урт дараалал үүсэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Дайчилгаа зарласны дараахан л Оросын олон нийтийн байгууллагууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, олон хүн саатуулагдсан. Ням гарагт ч мөн энэ дүр зураг давтагдлаа.
ОХУ-д дайчилгаа зарласны дараа цэргийн штабуудыг шатааж эхэлжээ
ВВС агентлагийн мэдээлснээр, ням гарагт ОХУ-д Украинтай хийж буй дайн руу эрчүүдийг дайчлахыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилжээ. Орос Украин руу түрэмгийлснээс хойш дайнд хамгийн их хүнээ алдсан Дагестанд оршин суугчид "Дайн эсэргүүцэж байна" хэмээн хашгиралдаж, харин хууль сахиулагчид жагсаалыг тараахын тулд агаарт хий буудсан бол Якутад хүмүүс цуглан мөн л дайн эсэргүүцэж, талбай дээрээ тойрон бүжиг хийсэн байна.
Дагестаны Эндирей суурингийн оршин суугчид дайчилгааг эсэргүүцэн Хасавюрт-Махачкала чиглэлийн замыг хаажээ. Энэ эсэргүүцлийн арга хэмжээг харуулсан дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархсан бөгөөд жагсаалын үеэр цагдаагийнхан агаарт хий бууджээ. Үүний дараа голчлон эмэгтэйчүүдээс бүрдсэн жагсаал Махачкала хотод болсон байна. Бүсгүйчүүд цагдаагийнхантай маргалдаж, "Дайныг эсэргүүцэж байна" хэмээн хашгиралдаж байгааг буулгасан дүрс бичлэг мөн л олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Үүний дараа Махачкала хотын төвд, Хүүхэлдэйн театрын өмнөх талбай дээр болсон эсэргүүцлийн ажиллагаанд олон зуун хүн нэгдэж, улмаар цагдаагийнхан хүмүүсийг саатуулж эхэлсэн гэнэ. Дагестаны "Черновик" хэвлэлийн мэдээлснээр, жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан дээр Росгвардын дайчил хүч нэмэн ирж, үдэш гэхэд эсэргүүцлийн ажиллагааг даржээ. "Медуза" сайтын мэдээлснээр, жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан цахилгаан бороохой, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд саатуулагдсан хүмүүсийн дунд нялх биетэй эмэгтэй, сэтгүүлч зэрэг хүмүүс байсан гэнэ.
Олны бухимдлыг дарахын тулд Дагестаны цэргийн комиссар Дайтбег Мустафеев телевизээр мэдэгдэл хийн, Украины фронт руу цэргийн туршлагагүй хүмүүс, хугацаат цэргийн алба хаагчдыг явуулахгүй хэмээн онцолсны дээр энэ бүс нутгаас 13 мянган хүн дайчилна гэсэн яриа ор үндэсгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Мөн л голчлон эмэгтэйчүүд оролцсон эсэргүүцлийн жагсаал Хойд Кавказын Кабардино-Балкарид болсон талаар Медуза мэдээлжээ. Нальчик дахь Засгийн газрын ордны өмнө нутгийн оршин суугч эмэгтэйчүүд цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Якутскад ч эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд 400 орчим хүн талбай дээр "Дайн эсэргүүцэж байна", "Геноцидийг эсэргүүцэж байна" хэмээн хашгиралдаж, тойрон бүжиг хийжээ. Түүнчлэн эмэгтэйчүүд "Нөхрөө өгөхгүй, намайг буудсан ч нөхрөө өгөхгүй" зэрэг бичигтэй хуудас барин жагссан байна.
Ням гарагт хотуудад болсон эсэргүүцлийн арга хэмжээнээс нийт хичнээн хүн саатуулагдсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин ОВД Инфо -ийн мэдээлснээр, жагсаал эхэлсэн есдүгээр сарын 21-ний өдөр 43 хотод 1369 хүн, есдүгээр сарын 24-ний өдөр 36 хотод 833 хүн, есдүгээр сарын 25-ны өдөр 127 хүн саатуулагджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ