Д.Батцэцэг: Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд итгэл өгөхийг хүсдэг
2022-09-28

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит "Дүнжингарав марафон" Нийслэлийн автомашингүй өдөр зохиогдсон билээ. Энэхүү тэмцээнд 1500 км-ийн зайд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тамирчны хөтөч Д.Батцэцэгтэй халуун дотно яриа өрнүүллээ. 


-Сайн байна уу? Юуны өмнө "Дүнжингарав марафон"-д нэгдүгээр байр эзэлсэнд тань баяр хүргэе. 


- Маш их баярлалаа. Бүгдэд  нь энэ өдрийн мэнд хүргэе.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?


- Намайг Батцэцэг гэдэг.  Айлын том охин хоёр дүүтэй. Би Олон Улсын Улаанбаатар дээд сургуулийг Солонгос хэлний ангийг төгссөн. 2016 онд Хятад Улсад сэтгэл судлалын чиглэлээр магистраар суралцсан. Төгсөж ирээд 2018 онд "Ахиллис" гэж байгууллага байдаг гэж мэдээд сайн дурын ажил хийж эхэлсэн. Тэр цагаас хойш энэхүү  байгууллагадаа хөтөч хийгээд зургаа дах жилдээ явж байна. 

 


- 'Ахиллас' олон улсын байгууллага хэдэн онд ямар зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?


-“Ахиллис Монгол” байгууллага маань 2015 онд АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис интернэйшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар болж байгуулагдсан түүхтэй. Дэлхийн 180 гаруй улс оронд салбар байгууллагууд байдаг. Түүний нэг нь манай Монгол Улс юм. Анхандаа Анагаахын их сургуулийн багш О.Саранчулуун Нью-Йорк хотод суралцаж байхдаа энэ байгууллагатай холбогдоод элсэж байсан юм.


 “Ахиллис интернэйшнл” бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гүйлтийн спортоор хичээллүүлж, амьдралд итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралыг нь дээшлүүлэх зорилготой байгууллага юм. Үүсгэн байгуулагч Дик Траум нь өөрөө ослын улмаас өрөөсөн хөлөө тайруулсан хүн. Нью-Йоркийн марафоныг хиймэл хөлтэй бүтэн гүйсэн анхны хүн байгаа. Одоогоор манайх тамирчин хөтөч нийлээд 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байна. 

 


-Яагаад заавал хөнгөн атлетик, тэр дундаа хөтөч гүйгчийг сонгосон юм бэ? Булчин шөрмөс зангирах, уураг тэжээлээ алдах, сульдах, байнгын бэлтгэлтэй байхаас эхлээд баргийн эмэгтэйн сонгох зам биш шүү дээ?


- Манай дүү Хятадад сурдаг байж байсан. Нэг өдөр байшин дээрээс Хятад хүүхэд амиа хорлох гээд үсрэхэд нь манай дүү доор нь байж таараад, манай дүүгийн нуруун дээр нь уначихсан юм. Үүнээс болж дүү минь нуруу өвдөгний маш хүнд гэмтэл авсан. Харин нөгөө хүүхэд нь ямар ч гэмтэл авахгүйгээр өнгөрч байсан. 


Тухайн үед эмч нар найдваргүй, хөл дээрээ босох магадлал маш бага хэмээн хэлж байсан.  Дүүгийнхээ хэцүү байдалтай байгааг хараад миний бодолд "миний дүү үнэхээр босоод ирдэг л юм бол бусдад тусалж бага ч гэсэн нэмэр болно доо" гэж зорьсон.  Яг тэр бодлоороо өөрийн эрхгүй "Ахиллист" байгууллагадаа татагдаад орсон.

 


- "Ахиллист"-д  ороход ямар шалгуур тавьдаг юм бэ?


-  Шалгуур нь маш энгийн. Ахиллис байгууллагын гишүүдтэй ууланд гараад буугаад иртэл, та тэнцчихсэн шүү гэж байсан. Тухайн үед намайг яаж тэнцүүлсэн юм бол гэж гайхсан л даа. Сүүлд бодоход тухайн хүний хандлага хамгийн чухал юм билээ. 


Тэгээд надад бүтэн хараагүй Бат-эрдэнэ гэдэг тамирчин оноож өгч байсан. Тухайн үед би Хятадад сурдаг байсан харин Бабу маань Монголд амьдарч байсан. Бид онлайнаар холбогдож гүйлтийнхээ талаар их ярилцдаг байсан.

 


 - Гүйлтийн спорт тэр тусмаа хөтөч хийснээс хойш таны бие, сэтгэлзүйд ямар өөрчлөлт, үр дүн гарсан бэ?


- Хүмүүс нэг ингэж ярьдаг даа.. Би гүйх юмсаа гэж боддог. Гүйхгүй байсаар байгаад хоёр жил боллоо гэлцдэг. Хөтөч бидний хувьд үнэхээр хүсэх юм бол нэг өглөө босоод хийдэг л юм билээ. Өглөө босоод л  "За манай тамирчид намайг хүлээж байгаа байх даа" гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. 


Зүгээр нэг сайн дурын ажил хийе гэж бодох эсвэл мөнгө өгөөд ивээн тэтгээд байж болно л доо.  Гэхдээ өрөө энэ хүмүүс дунд ороод ажиллана гэдэг маш өөр гоё ертөнц байдаг юм. Бидний сошиалд байгаа амьдрал, нийгэмд байгаа амьдрал, анги хамт олонтойгоо байх, найзуудтайгаа уулздаг уулзалтаас тэс өөр гайхалтай  мэдрэмжийг авдаг. 

 

 

- Хөтөч гүйгч болохын тулд хувь хүнээс ямар ямар ур чадварыг шаарддаг вэ?


- Бид хөгжлийн бэрхшээлтэй гэж бодохоос илүүтэй хүн шүү дээ гэж бодох хэрэгтэй. Би хөгжлийн бэрхшээлтэй гээд илүү хараад, илүү өрөвдөөд, илүү санхүү мөнгөөр дэмжих гээд байгаа юм огт биш. Бид адилхан л хүн. Харахгүй байгаа ч гэсэн бидний авдаг мэдрэмж яг адилхан гэдэг үүднээс ханддаг. 


Би уурлах үедээ уурладаг. Буцаад надаас уучлалт гуйдаг. Намайг бас загнадаг. Тэр ч байтугай хамт гүйж байхдаа хүртэл намайг маш сайн мэдэрдэг. Хааяа сэтгэл тавгүй байх үеүд бий. Тэр болгоныг аль хэдийнээ мэдчихээд, юу болохгүй байгааг минь хүртэл асуудаг.  


-Таны хувьд олон улсын ямар ямар марафонд оролцож байв?


- Анх 2019 онд Нью Йоркын марафонд Бат-Эрдэнэтэй хамт гүйж байсан. Мөн 2021 онд Берлиний марафонд  мөн адил   Бат-Эрдэнэтэй хамт гүйж Нью Йоркод гүйсэн цагаа зургаан минутаар ахиулж чадсан.

 

 

Энэ жилийн хувьд бид хоёр ОУ-ын марафонуудаа алгасаад дотооддоо болж буй бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцохоор шийдсэн. Дашрамд дурдахад тамирчин Бат-Эрдэнэ маань саяхан болсон "Дүнжингарав марафон"-д алтан медаль авсан. Миний хувьд Сувдаа хэмээх охинд анх удаа хөтөч хийгээд мөн алтан медалийг хүртсэн. 


 

- Сувдаа охин анх удаа марафонд гүйж алтан медаль хүртсэн гэсэн. Маш их урам зориг авсан байхдаа?


- Сувдаа маш их сэтгэл хангалуун байгаа. Тэмцээний үеэр хөтөчтэй гүйгээд мөн медаль авах мэдрэмжийг анх удаа мэдэрсэн. Баярлалаа, баярлалаа л гээд байсан нь үнэхээр хөөрхөн шүү. 


- Дэлхийн улс орнууд хөтөч, тамирчинг хэрхэн үнэлдэг вэ?   


- Америк Европ зэрэг томоохон улс орнуудад гүйдэг хүмүүст маш хүндэтгэлтэй ханддаг. Тэр тусмаа марафон тамирчдыг баатар хэмээн хүлээж авдаг. Харин энэхүү баатрыг хөтөлж зөв замд нь авч яваа хөтөч хүнд илүү хүндэтгэлтэй ханддаг. Гүйж байгаа хүмүүсийг хараад өөрсдөө гүйх юмсан гэх сэдэл авдаг учраас хотын төвөөр нь гүйлтийн зам элбэг байдаг. 


  
 

- Дэлхийн алдартай тамирчдын хувьд дасгалжуулагч, сэтгэлзүйч, хоолзүйч гээд л маш олон хүний хүчин чармайлтаас хамаарч амжилтад хүрдэг. Харин Пара марафоны хөтөч тамирчдын хувьд олон улсын тэмцээнд хэрхэн бэлддэг вэ?


- Хөтчүүд нь өөрсдөө сэтгэлзүйч нар болчихсон байдаг. Мөн эсрэгээрээ тамирчид нь буцаад хөтчийнхөө сэтгэлзүйч болох зэрэг харилцан бие биеийнхээ сэтгэлзүйг дэмждэг. "Ахиллис" бол мэргэжлийн хөнгөн атлетикийн дасгалжуулагчтай. Дасгалжуулагчийн заавар зөвлөмжийн дагуу бэлтгэл хийхэд цагаа ахиулж амжилтаа ахиулдаг. 

 

 

-Үйл ажиллагааны зардал мөнгө гээд нэлээд гардаг байх. Хаанаас санхүүждэг вэ?


-Сайн дурын хандив, ихэвчлэн гадаадын хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг. Марафон тэмцээнд оролцох болохоороо гэр бүл, хамаатан саднаасаа л дэмжлэг авдаг. Нью-Йоркийн марафон бол бидний жилийн гол оролцох тэмцээн, зорилго маань юм. Энэ марафонд л бид оролцох боломжтой байдаг. 


Учир нь “Ахиллис интэрнэйшнл” байгууллага маань энэ марафоны зохион байгуулалтад оролцдог, хамтран ажилладаг юм. Нью-Йоркийн марафон бол 200-300 мянган хүн сугалаанд оролцоод 50 мянга нь л гүйдэг тийм том тэмцээн. Харин манай Ахиллис багийнхан хэрвээ зардлаа олчих юм бол ямар ч шалгуургүй оролцох боломжтой. Манайхан бүгд Нью-Йоркийн марафонд оролцоно гээд л жилийн эхнээс хичээдэг. 

 


Мэргэжлийн тамирчид манайхныг марафонд 5-6 цаг гүйлээ, удаан гэж боддог байх. Тэгвэл манайхан бол өөрийгөө ялан дийлж байгаа хүмүүс. Урьд өмнө огт гүйж байгаагүй хүн тэнд очоод удаан ч гэсэн гүйж, бариандаа орж байна. Энэ бол ялалт юм. Тэр хүний амьдрал хэчнээн өөрчлөгдөж байгаа нь нүдэн дээр ил харагддаг. 


Гишүүд маань гүйлтийн бэлтгэл хийж, жин хасаад сэтгэл санаа нь ч өөдрөг сайхан болж байгаа нь шууд мэдрэгддэг. Гэр бүлд нэг өвчтэй хүн байхад ар талд нь маш олон хүн зовж байдаг. Тэгвэл тэр хүн амьдралдаа аз жаргалтай, баяр баясгалантай болоход ар гэрийнхэн нь ч баяртай, ажил төрлөө хийгээд явах боломжтой болдог.


-Түрүүлэх гэж л гүйдэггүй юм гэж үү гэдэг асуулттай их тулгарч байв уу?


- Тийм ээ, уралдаан гэдэг уралдахын нэр. Гэхдээ манай Ахиллисын хувьд уралдаан гэдэг өөрийгөө ялан дийлэх, өөртэйгөө уралдахыг хэлдэг. Тиймээс бид заавал түрүүлсэн хүнд биш өнөөдөр өөрийгөө нойрноос, залхууралтаас, нийгэм болоод харилцааны бэрхшээлээс суга татаад үсдээд гүйлтийн зам дээр авч ирээд барианд орсон хүн бүрийг ялагч гэж үздэг.

 


-Хөгжлийн бэршээлтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь өнөөгийн нөхцөл байдалд ямар түвшинд байгаа гэж хардаг вэ?


-Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн л хэлдэг, судалдаг тал ажиглагддаг. Манай улсад улсаас халамж авдаг группийн мөнгө авдаг 100 мянга гаруй хүн байдаг. Түүнийг авдаггүй, тэр тоонд ороогүй, өөрийгөө нийгмээс тусгаарласан хүн маш олон байдаг юм билээ. Тэр хүмүүст хандаж хэлэхэд амьдралын зорилго гэдэг зөвхөн эд эрхтэн бүтэн харагдаад болдог зүйл биш юм. Хүн өөрийнхөө мэдлэг, ур чадвар, эзэмшсэн мэргэжил, авьяас зэрэг тэр бүхнээ ил гарган нийгэмд өөрийгөө илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй гэж уриалмаар байна.


-Ярилцсанд баярлалаа

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Амжилт хүсэе
2022-09-28
Мундаг бүсгүй байна. Амжилт хүсэе
2022-09-28
Erdenechimeg:
Tusch hicheengui mundag busgui shuu amjilt
2022-09-28
Zochin:
Mundag yumaa. Sain saihniig huseye
2022-09-28