Махса Амини бүсгүйн үхэлтэй холбоотойгоор Европын холбоо Ираны эсрэг хориг тавилаа

Европын холбоо Иран дахь хүний эрхийн зөрчилд буруутай этгээдүүдийн эсрэг нэмэлт хориг тавих шийдвэрийг 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хориг арга хэмжээний жагсаалтад Ираны 11 хувь хүн, дөрвөн байгууллага багтсан байна. Тэднийг есдүгээр сарын дунд үеэр Махса Амини бүсгүйн үхэлтэй холбоотойгоор дэгдсэн эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарсан хэрэгт буруутгаж байгаа аж. Тодруулбал, ёс суртахууны цагдаагийн газар, түүний хоёр төлөөлөгч, Ираны хууль сахиулах байгууллагууд, Мэдээлэл, технологийн сайдыг Европын хар жагсаалтад оруулсан байна. Мэдээлэл, технологийн сайдын эсрэг хориг тавьсан нь тэрбээр жагсаал цуглааны үеэр Иранд интернет таслах шийдвэр гаргасантай холбоотой юм.
Махса Амини бүсгүйн өнгөрсөн сард Тегеран хотноо хижаб буруу өмссөн хэргээр цагдаа нарт баривчлагдсан юм. Тун удалгүй түүний биеийн байдал муудаж, цагдаагийн хэлтсээс эмнэлэгт хүргэсэн ч хэд хоногийн дараа тэрбээр нас баржээ. Бүсгүйг цагдаагийн хэлтэст байхад нь зодсоны улмаас амиа алдсан гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа бол Ираны эрх баригчид үүнийг няцааж байгаа юм.
Иранд эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 30 гаруй хүн амиа алджээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ