СибРеал: Монголд боловсролтой хүмүүс Украиныг дэмждэг

Сибирь Реалии цахим сонин Монголд амьдардаг украинчуудын талаар, тэдэнтэй уулзан ярилцсаныг товчлон хүргэж байна.
Дайн эхэлснээс хойш л Украинд ч, Донецк, Луганск улсад ч зориулсан хандивыг Монголд өрнүүлж байлаа. Монгол дахь оросууд салан тусгаарлагчдад зориулан таван тонн тусламжийн ачааг илгээсэн бол "Монгол дахь украинчууд" байгууллагынхан Оросын түрэмгийллийн золиос болсон хүмүүст тусламж үзүүлэхээр байнга хандив цуглуулж байна. Харин Монголын эрх баригчид НҮБ-ын сангаар дамжуулан 150 мянган доллар, Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдээр дамжуулан 50 мянган долларын тусламжийг Украинд үзүүлэхээр амласан юм.
Сибирь Реалии хэвлэлийн хүсэлтээр Улаанбаатарт амьдардаг украинчууд тэдний амьдрал 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш хэрхэн өөрчлөгдсөнийг ярилаа.
Игорь Демин, "Монгол дахь украинчууд" байгууллагын тэргүүн
– Би Монголд бүр эрт, 1989 онд ирсэн. Зөвлөлтийн армийн алба хаагчийн хувиар энд ирж байлаа. Тухайн үед Чойбалсан хотод гурван жил алба хааж байх үед дефолт болж (Орост 1992 онд үнэ чөлөөлснийг хэлж байна) миний гурван жилийн нийт цалин ердөө ганц сарын цалин болж хувирсан. Гэртээ хоосон харих уу эсвэл ямар нэг байгууллагад ажиллах уу гэсэн асуулт гарч ирсэн. Яг энэ үеэр Монголд "Зарубежстрой" компани зөвлөлийн барилгын трестийн суурин дээр байгуулагдаж, би тэнд цахилгаанчнаар ажилд орсон юм. Таван жил ажилласны дараа дохиолол суулгах чиглэлээр өөрийн гэсэн компанитай болох боломж гарч байлаа.
Би Киев хотын хүн, харин энд ирээд 30 жил өнгөрчээ. Миний гэр бүл, аав, эгч бүгд Киевт бий. Тэнд байдал харьцангуй гайгйү байна. Гэхдээ дайны эхэн үед аймшигтай байсан. Оросын энэ алуурчдаас чухам ямар үйлдэл гарахыг хэн ч мэдэхгүй байлаа. Тухайн үед нэг пуужин манай аавын байрны хажууханд унасан байна билээ. Би одоо гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байж, мөнгө явуулж байгаа. Дайн эхлэхээс өмнө эхнэр хүүхдүүдтэйгээ айлчилж очдог байсан юм.
Монголд ирээд уджээ, цаг хугацаа нүд ирмэхийн зуургүй л өнгөрч. Эндэхийн украинчууд дундаа би хамгийн удаан энд байсан хүн. Анх энд ирэхэд ЗХУ дахь амьдралаас онц ялгаатай зүйл мэдрээгүй. Хүмүүс бүгд л оросоор ярьж байсан. Хашаа болгон дээр "Дружба", "Өнөөдөр нэг бригад маргааш нэг экипаж" гэх зэрэгэр Зөвлөлтийн суртал ухуулгын үгс бичээтэй байдаг байлаа.
Ер нь бол Зөвлөлтийн нэг муж юм шиг л сэтгэгдэл төрдөг байсан. Харин дараа нь, хэдхэн жилийн дотор Монгол Улс хурдацтай хөгжин дэвшиж, одоо соёлжсон, хөгжиж буй орон болоод байна. Амьдралын төвшин Оросын орон нутгийнхнаас ч дээгүүр.
Миний бодлоор, Украины дайн 2014 оноос л эхэлсэн. Энэ жил ердөө хурцадмал байдалд орсон хэрэг. Бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлж байгаад нутгийн оросууд баярлаж байгааг хараад бид ч нэгдэх ёстой юм байна гэж шийдсэн. Ингээд л "Монгол дахь украинчууд" бүлгийг байгуулсан юм. Бид суртал ухуулгыг сөрөх, монгочлуудад үнэнийг хүргэх, өөрсдийн хүмүүст туслах зорилготой.
Бид хэд хэдэн удаа цуглаан зохион байгуулсан. Гадаадын иргэд учир бид ийм жагсаал хийхийн тулд зөвшөөрөл авах шаардлагатай байсан юм. Оросын Элчингийн өмнө жагсахыг хориглосон, гэхдээ хотын төвд өөр газар жагсах зөвшөөрөл олгож, цагдаагийнхан хамгаалж байлаа. Харин монголчууд өөрсдөө зөвшөөрөлгүйгээр Оросын консулын газрын гадаа жагсаж байсан. Гэвч бид гадаадын иргэд учраас хуулийн дагуу ийм жагсаалд оролцож болохгүй.
Монголд боловсролтой, боломжийн амьдралтай хүмүүс Украиныг дэмжиж байгаа нь ихээхэн сонирхол татам. Тэдэнд "фашистуудын тухай" суртал ухуулга нөлөөлдөггүй.
Наталья Чорнобай, хөгжимчин, багш
– Плехановын нэрэмжит сургуульд 18 жил хөгжмийн багшаар ажилласан. Хүүхдүүдтэй ажиллах дуртай. Гэвч дайн эхлэсний дараа ажлаасаа гарсан. Орос улс Украинд дайн дэгдээж байгааг хараад цаашид Оросын байгууллагад ажиллаж чадахгүй гэдгээ ухаарсан. Нөхөр маань монгол учраас эндээ үлдэж байна. Манай хөвгүүд насанд хүрсэн, гадаадад амьдарч байна.
Монголчуудын ихэнх нь энэ дайныг төдийлөн сонирхохгүй байгаа. Энэ сэдвийг сонирхож байгаа хүмүүсийн ихэнх нь Оросыг дэмждэг, учир нь тэд Оросын зомби телевизүүдийг үзэж байгаа шүү дээ. Тиймээс тэдэнд юу ч гэж хэлээд нэмэргүй. Бүгдийг зөвөөр ойлгож, Украиныг дэмжиж байгаа монгочлдууд ч бий. Тэд Украин ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлдэг. Гэвч ийм хүмүүс цөөн.
Өмнө нь хүмүүс надаас "Чи орос уу" гэж асууж, намайг "украин" гэж хариулахад тэд мөрөө хавчин "ямар ялгаа байна, орос, украин адилхан шүү дээ" гэж хэлдэг. байсан. Харин одоо бол намайг украин гэж сонсоод ямар нэг зүйлийг тунгаасан байдалтай "аан" гэж хариулдаг. Тэд чухам юу боддогийг мэдэхгүй. Ямартай ч намайг украин гээд хавчсан, бүдүүлэг хандсан тохиолдол байхгүй. Монголчууд бусад ард түмнийг хүндэтгэж, ойлгож хүлээн авдаг хүмүүс.
Хамза Абиед, бизнесмен:
– Хамза гэсэн нэртэй хэрнээ украин хүн гэхээр та гайхаж л байгаа байх. Миний аав сири хүн. Залуудаа, 1981 онд Харьковт сурахаар очоод тэндээ суурьшсан юм. Тэндээ эхнэртэй болж, иргэншил авсан. Би Харьковт төрсөн, орос, украинаар чөлөөтэй ярьдаг. 2011 онд "Арабын хавар" эхлэх хүртэл бид жил бүр Сири рүү явдаг байлаа.
Улаанбаатарт анх долоон жилийн өмнө ирсэн. Аав ажлаар ирэхдээ намайг авч явсан юм. Монголд арабууд улирлын чанартай ажлаар их ирдэг. Тэр дундаа зун шонхор барихаар ирдэг юм. Олон орны араб шейхүүдийн төлөөлөгчид ирж, шонхор барьдаг. Ийм арабуудын 80 хувь нь гадаад хэл мэддэггүй, тиймээс манай аав тэдэнд орчуулагч олж өгөн, тээврийн үйлчилгээ үзүүлэх, виз, тасалбар зэрэгт нь туслах ажил эрхэлдэг юм. Харин би Украин руу барагшун гаргадаг жижиг бизнестэй. Энэ улс асар их нөөц боломж өгдөг, хүмүүс нь бусдыг хүндэтгэж, зочдоо найрсаг угтдаг тул Монголд үлдэхээр шийдсэн.
Саяхан нэг зочид буудлын дээр "Хүндэт украинчууд аа, манайд зочлоорой. Та бүхнийг зочид буудалдаа урьж байна. Та нарт ажил, байрлах байр олгоно." гэсэн бичиг, Украины далбааг дүрсэлсэн асар том дэлгэц байхыг харсан. Энэ бол худал үг биш. Энэ үгсийг бичсэн хүн нь Монгол дахь анхны зочид буудлын сүлжээг эзэмшигч Ганболд гж хүн байсан. Орос, Хятадын нөлөө энд хичнээн их билээ дээ, тиймээс ийм хандлага хараад бага зэрэг гайхаж байлаа. Бид Оросын арми Буча хотод үйлдсэн балмад хэргийн талаарх гэрэл зургийн үзэсгэлэн гаргахад энэ хүн бидэнд танхимаа үнэ төлбөргүй ашиглуулсан юм.
Монголд болж буй Украиныг дэмжсэн цуглаанд олон хүн очдог. Гэхдээ Монгол Улсын албан ёсны байр суурь тийм ч тодорхой биш. Энэ улс төвийг сахиж байгшаа. Залуус нь интернетээс харин арай ахимаг насныхан нь телевизээс мэдээлэл авдаг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ