"Хятадын нууц цагдаагийн хэлтэс"-ийн эрэлд: Испани шалгалт эхлүүллээ

img

Өнгөрсөн сарын сүүлээр гадаадын хэвлэлүүдээр хүний эрхийн байгууллагын нэгэн ноцтой мэдээлэл нийтлэгдэж, олны анхаарлыг татаж байлаа. Энэ нь дэлхийн олон оронд Хятадын нууц цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл юм. Мэдээллийн араас Нидерландын эрх баригчид шалгаж, тус улсад үнэхээр ийм хэлтэс ажиллаж байгааг олж тогтоосон байна. 

 

Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк зэрэг гадаадын олон хотод Хятадын нууц цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулдаг талаар Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын тайланд өгүүлжээ. Энэ тайланд өгүүлснээр, хилийн чанадад Хятадын 54 цагдаагийн хэлтэс ажилладгаас 36 нь Европт байрладаг гэнэ.

 

Эдгээр хэлтсүүд нь цагаачдыг нутагт нь буцаах, тэрс үзэлтнүүдийг шүүхэд шилжүүлэх зорилготой аж. Ийм нууц хэлтэсүүд нь Хятад зоогийн газар, үл хөдлөх хөрөнгийн зууч болон бусад хууль ёсны компаниудаар халхавч болгодог гэнэ. Safeguard Defenders хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр, хэдийгээр цагдаагийнхан жуулчдад бичиг баримтад нь тусалдаг хэмээн мэдэгддэг ч үнэн хэрэгтээ Хятадаас дүрвэсэн хүмүүсийг ар гэрийнхнээр нь дамжуулан ятгаж, тулган шаардаж өөрсдөөр нь буцах хүсэлт гаргуулах ажлыг зохион байгуулдаг гэнэ.

 

Дэлхийн олон оронд, тэр дундаа АНУ-д ийм нууц цагдаагийн хэлтэс Нью-Йорк хотноо байдаг бол Канадын Торонтод гурав байдаг гэнэ. Хятадын гадаадын цагдаагийн хэлтсийн ихэнх нь Европт байх бөгөөд Испанид гэхэд л есөн ийм хэлтэс үйл ажиллагаа явуулдаг аж. Италид нууц цагдаагийн хэлтэс дөрөв, Францад гурав, Португалид гурав, Британид хоёр гэх зэргээр олон оронд хятад цагдаа нууцаар ажиллагаа явуулдаг гэж хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.

 

Африкийн хоёр оронд байдаг энэ хэлтэс Азид Монголын нийслэл Улаанбаатар, Узбекистаны Сырдарья, Брунейн Бандар-Сери-Бегаван, Японы Токио, Камбожийн Пномпень хотуудад үйл ажиллагаа явуулдаг аж. 

 

Дэлхийн орнууд мэдээллийг шалгаж эхэлсэн нь 

 

Энэ мэдээлэл гарсны дараа Нидерландын эрх баригчид "Хятадын нууц цагдаагийн хэлтсүүдээс хоёр ч  хэлтэс Нидерландад ажилладаг" гэсэн мэдээллийн мөрөөр шалгалт эхлүүлсэн талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Максим Говенкамп 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн юм.

 

"Хятадын иргэн энд, Нидерландын нутаг дээр мөшгүүлж байна гэдэг маш түгшүүртэй хэрэг. Хятадын иргэнд хэрхэн туслах талаар манай хууль сахиулагчид хэлэлцэж байгаа" хэмээн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байв.

 

Улмаар шалгалтын дүнд Нидерландын нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүйгээр байгуулсан "Хятадын цагдаагийн хоёр хэлтэс" байгаа гэж урьдчилсан байдлаар тогтоосон талаарх мэдээлэл гарч байлаа. Тодруулбал, Европын оронд суурьшсан, ажил хийхээр ирсэн хятад хүмүүст дэмжлэг үзүүлэх, харьяалалтай орных нь бичиг баримтыг сунгах зэрэг зорилготой офисууд Нидерландад үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гэвч эдгээр офис нь Хятадын цагдаагийн удирдлаган дор байдаг, "хууль бус зорилгоор үйл ажиллагаа явуулдаг" гэж Нидерландын эрх баригчид үзэж байгаа аж. 2018 онд байгуулсан эдгээр газруудыг тэрс үзэлтнүүдийг мөрдөн мөшгөх, Хятадын дэглэмийг шүүмжилдэг хятад иргэдэд дарамт үзүүлэх зорилгоор ашигласан байж болзошгүй гэж Нидерландын Гадаад хэргийн яамны илтгэлд өгүүлсэн байв. 

 

Испани "Хятадын нууц цагдаа"-ийн эрэлд гарав 

 

Хүний эрхийн байгууллагын тайланд нэр нь дурдагдсан улс орнууд ээлж дараалан "Хятадын нууц цагдаа"-ийн эрэлд гарлаа. Энэ удаад Испанийн Дотоод хэргийн яам шалгалтын ажлыг эхлүүлжээ.

 

Испанийн Publico цахим сонины мэдээлснээр, Хятадын эдгээр нууц хэлтэсүүд нь эрүүгийн хэрэгтний сэжигтнүүд болон Хятадын өнөөгийн дэглэмд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийг эрэн хайж, эх оронд нь хүчээр буцаадаг гэнэ.

 

Мөн тэрс үзэлтнүүдийн гэр бүлд дарамт шахалт үзүүлж, мөрдөж, айлган сүрдүүлж, дарамталж, саатуулж, зарим тохиолдолд шоронд хорьдог гэж эх сурвалж мэдээлжээ. Эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг айлгах, улмаар эх орон руу нь буцаах арга хэрэглэхдээ тухайн хүн рүү цахим шуудангаар сүрдүүлсэн захидал илгээх, эсвэл тусгай албаныхан биечлэн уулздаг аж. Харин өөр нэг арга нь эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг байгаа газраас нь шууд хулгайлж, БНХАУ руу нууцаар буцаадаг гэнэ.

 

Испани дахь Хятадын нууц цагдаагийн хэлтэсүүдийг Фужоу болон Цинтянь хотын тусгай албаны орон нутгийн газрын төлөөлөгчид удирддаг гэнэ. Испанид амьдардаг хятадуудын ихэнх нь чухамхүү энэ хоёр хотоос ирсэн байдаг аж.

 

Мөн Испанид ажилладаг нууц цагдаагийн хэлтэсүүд нь зоогийн газар, дэлгүүр, "нутаг нэгтнүүдийн холбоо" гэсэн халхавчан дор ажилладаг гэж Испанийн хэвлэлүүд бичжээ. Тухайлбал, Барселона хотод хятадууд ажиллуулдаг япон зоогийн газрын халхавчаар нууц цагдаагийн хэлтэс ажиллаж байсан гэж  Cronica Global сонин мэдээлсэн байна. 

 

Испанийн Статистикийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, 2021 оны сүүл үеийн байдлаар Испанид Хятадын 229 254 иргэн амьдарч байжээ. Тэдний ихэнх нь хувийн бизнесийн салбарт ажиллаж, бөөний болон жижиглэн худалдаа, зоогийн газрын үйлчилгээ, массаж болон маникюрын салон, цахилгаан төхөөрөмжийн засвар зэрэг ажил эрхэлдэг аж.

 

Монголд ч байдаг гэх Хятадын нууц цагдаагийн газрыг Нидерландын эрх баригчид илрүүлжээ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнэг байна чи .хал балгүй тагнах гэж бхгүй манай улсын тусгаар тогнолд маш аюултай.76 болон хууль шүүх цагдаа дотор ч бгаа.
2022-11-09
Зочин:
Трампын хятадын эсрэг эдийн засгийн хориг тавьдаг нь зөв ч юм байна.
2022-11-09
Монголд хал балгүй бол хятөд Хятадаас тагнах ч яамай байнаа
2022-11-09