Япон, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Япон, АНУ-ын хамтарсан Keen Sword цэргийн сургуулилалт эхэлжээ. Энэ сургуулилалтад Японоос 26 мянга, Америкаас 10 мянган цэргийн алба хаагч оролцож байгаа талаар Kyodo агентлаг мэдээллээ.
"Цэргийн сургуулилалтад Австрали, Канад, Их Британиас дөрвөн хөлөг онгоц, хоёр онгоц оролцоно. Японы 20 хөлөг онгоц, 250 онгоц, АНУ-ын 10 хөлөг онгоц,120 онгоц оролцох юм" хэмээн Японы Батлан хамгаалахын яам мэдэгдсэнийг Kyodo агентлаг дамжууллаа.
Энэ сургуулилалт нь холбоотнуудын зэвсэгт хүчний тогтоон барих, хариу үйлдэл үзүүлэх чадварыг бэхжүүлэх зорилготой аж. АНУ, Японы хамтарсан сургуулилалт 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Үүний зэрэгцээ, 11 дүгээр сарын наймны өдөр Номхон далай дахь Японы эрэг орчимд Malabar нэртэй тэнгисийн цэргийн сургуулилалт эхэлсэн бөгөөд Хятадын "түрэмгий бодлогоос хамгаалах" зорилготой энэ сургуулилалтад Австрали, Энэтхэг, АНУ, Япон улс оролцож байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ