АНУ: Польшид унасан пуужинг хэн харваснаас үл хамааран ОХУ хариуцлага хүлээнэ

Мягмар гарагт Украины хилийн ойролцоо байх Польшийн Пшеводув сууринд пуужин унасны улмаас хоёр хүн амиа алдсан юм. Энэ пуужин Орост үйлдвэрлэгдсэн пуужин байсан гэж Польшийн эрх баригчид мэдэгдсэн бол Ассошейтед Пресс агентлаг Америкийн нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ "Оросын пуужинг устгахаар украинчууд хөөргөсөн пуужин байж болзошгүй" хэмээсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ пуужинг Оросоос хөөргөсөн гэдэгт эргэлзэж байгаа бол Украины эрх баригчид үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж байлаа.
Польшид унасан пуужинг хэн харвасан, хэргийг мөрдөн шалгахад ямар үр дүн гарснаас үл хамааран хэргийн хариуцлагыг ОХУ хүлээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Эдриен Уотсон мэдэгджээ.
"Эцсийн дүгнэлт яаж ч гарлаа гэсэн энэхүү эмгэнэлт үйл явдлын хариуцлагыг иргэний дэд бүтцийг сөнөөхөөр зориуд чиглүүлэн Украин руу пуужин харвасан Орос улс хүлээнэ. Украин улс өөрийгөө хамгаалах эрхтэй байсан одоо ч тийм эрхтэй" хэмээн Цагаан ордны сайт дээр нийтлэгдсэн мэдэгдэлд өгүүлжээ.
Мөн Польшийн Засгийн газар явуулж буй хэргийн мөрдөн шалгалтад бүрэн дүүрэн итгэж байгаа хэмээн Вашингтон мэдэгдсэн байна. Түүнчлэн Польшийн талын ажилд саад болохгүй, болсон хэргийн талаарх мэдээллийг цуглуулах ажлаа үргэлжлүүлж байгаа хэмээн АНУ-ын эрх баригчид цохон тэмдэглэжээ.
Польшид унасан пуужин Орост үйлдвэрлэгдсэн байсан уу?
Польшийн нутагт унаж, хоёр хүний аминд хүрсэн пуужин Оросоос гаралтай байсан гэсэн мэдээллийг анх Польшийн Гадаад хэргийн яам өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор Гадаад хэргийн сайд Збигнев Рау ОХУ-ын Элчин сайдыг яаман дээр дуудан уулзаж, нэн даруй дэлгэрэнгүй тайлбар өгөхийг шаардсан гэж Польшийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байв. Мөн ийм байр суурийг Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда илэрхийлж байлаа.
"Энэ нь Орост үйлдвэрлэгдсэн пуужин бололтой, гэхдээ шалгах ажил үргэлжилж байна" хэмээн Ерөнхийлөгч Дуда сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Гэхдээ энэ пуужинг хэн хөөргөсөн гэдгийг батлах баримт одоогоор байхгүй, мөн цаашид ийм тохиолдол гарахгүй байх гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлж байлаа.
Америкийн эрэн сурвалжлагч сэтгүүлч Эрик Толерын үзэж байгаагаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн пуужинг ч Орост үйлдвэрлэгдсэн гэж Польшийн эрх баригчид мэдэгдсэн байж болзошгүй гэнэ.
Пшеводувт унасан пуужингийн хэлтэрхийн зургуудыг шинжилсэн "Ukraine weapons tracker" төслийнхөн энэхүү пуужинг ЗХУ-д үйлдвэрлэгдсэн С-300 системийн 5В55 серийн пуужингийн хөдөлгүүрийн хэсгүүд гэсэн дүгнэлт гаргажээ.
Харин Ассошейтед Пресс агентлаг Америкийн нэрээ нууцалсан гурван албан тушаалтнаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулахдаа Польшид унасан пуужинг Украины агаараас эсэргүүцэн хамгаалах систем харвасан хэмээн онцолж байв. Эх сурвалжийн өгүүлснээр, Украины эрчим хүчний дэд бүтэц рүү пуужингийн цохилт ихээр ирэх үед ойртон ирж яваа Оросын пуужинг устгахын тулд Украины цэргүүд пуужин харвасан байж болзошгүй гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд өгүүлжээ.
ОРОСЫН ПУУЖИНГУУД ПОЛЬШИЙН НУТАГТ УНАЖ, ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ
ОХУ-ын арми Украинд пуужингийн цохилт өгсөн 11 дүгээр сарын 15-ны өдөр Польшийн нутаг дээр хоёр пуужин унасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Пуужингууд Украинтай хиллэх зурвасаас таван километр зайд байрлах Пшеводув суурингийн нутагт унасан байна.Польшийн нутагт Оросын пуужингууд унасан талаар хамгийн түрүүнд Польшийн Зет радио мээдэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, үр тариа хатаах газрыг пуужин оносноор хоёр хүн амиа алдсан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ