Хятад дахь iPhone-ийн үйлдвэрт эсэргүүцэл дэгджээ

Хятадын Жэнжоу хотод байх Foxconn үйлдвэр дээр өргөн цар хүрээтэй эсэргүүцэл дэгдсэн талаар AFP болон Ройтерс агентлагууд мэдээлжээ. Энэ үйлдвэр нь iPhone гар утас үйлдвэрлэдэг дэлхийн томоохон үйлдвэр бөгөөд өнгөрсөн сарын сүүл үеэс коронавирусийн халдвар илэрсний улмаас үйлдвэрт хөл хорио тогтоосон тухай мэдээлэл гарч байв.
Эх сурвалжууд Твиттерт нийтлэгдсэн ажиглалтын камерын дүрс бичлэг болон Хятадын Вейбо сүлжээний бичлэгүүдийг иш татан мэдээлэл дамжуулжээ. Эдгээр бичлэгүүд дээр "олон ажилчин" цуглан эсэргүүцэл үзүүлж байгаа нь дүрслэгдсэн байна. Тэд ажиглалтын камер, үйлдвэрийн цонхыг модоор цохиж байгаа нь бичлэг дээр дүрслэгджээ.
Нөхцөл байдлыг хяналтад авахаар цагдаагийнхан ирсэн байна. Харин Хятадын эрх баригчид үүссэн нөхцөл байдалтай холбоотой ямар нэг мэдээлэл хийгээгүй аж.
Энд дуулгахад, 11 дүгээр сарын эхээр Apple компани мэдэгдэл хийж, Жэнжоу дахь үйлдвэр коронавирусийн хязгаарлалт тавьсны улмаас үйлдвэрлэлийн бүтээмж буурсан талаар онцолж байлаа. Жэнжоуд коронавирусийн улмаас хатуу хязгаарлалтууд тогтоосон бол Фоксконн үйлдвэрийн ажилчдын дундаас халдвартай хүн олон илэрсэн тул ажилчдыг гаргахгүй, хөл хорио тогтоож байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ