Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр "зөнч" амьтад тодорч, олны анхаарлыг татах нь түгээмэл бий. Ийм амьтдаас хамгийн алдартай нь Паул наймаалж бөгөөд түүний таамаглал ихээхэн биелж байлаа. Энэ удаагийн ДАШТ-ий үеэр олон багийн хожил, хожигдлыг тааж дэлхий нийтэд танигдсан зөнч амьтан хараахан гараагүй ч Японд нэгэн халиу ихээхэн анхаарал татаж байгаа талаар Businessinsider мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Япон, Германы шигшээ багуудын тоглолтын өмнө Таийо хэмээх халиу Японы баг ялна гэж зөгнөсөн гэнэ. Энэ халиу Токио хотын Максел Аква Парк Шинагава хэмээх усан паркад амьдардаг аж. Таийо дуудлагат халиу 11 дүгээр сарын 22-нд буюу Японы баг Германы шигшээтэй тоглохоос нэг хоногийн өмнө аль баг хожихыг таажээ.
Түүний өмнө шар, улаан, хөх өнгийн хувин тавьсан бөгөөд шар нь "тэнцэх", улаан нь "германчуудын ялалт" харин цэнхэр нь "япончуудын ялалт"-ыг илтгэх байсан гэнэ. Ингээд Таийод бөмбөг өгөхөд энэ халиу Samurai Blue буюу Японы шигшээ багийг бэлгэдсэн хөх хувин руу бөмбөг хийжээ.
Таийо ийнхүү зөгнөсний маргааш нь Японы шигшээ баг 2:1 харьцаатайгаар Германыг хожиж ихээхэн дуулиан тарьсан бол Таийо халиу эх орондоо ихээхэн алдаршсан байна. Японд халиуг ДАШТ-ий үеэр үндэсний шигшээ багийнхаа амжилтыг зөгнүүлэхээр ашигладаг уламжлал тогтоод удаагүй. Гэхдээ ийм зөгнөл тэр бүр биелээд байдаггүй аж. Тухайлбал, 2014 оны ДАШТ-ийн үеэр Японы баг Гректэй тоглохоос өмнө Чиппу гэх хаоиу Японы багийг ялагдана гэж зөгнөсөн ч тоглолт багууд тэнцсэнээр өндөрлөж байжээ.
Г.Бямбасүрэн