Хятадад ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал шөнө дунд хүртэл үргэлжилжээ

Коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор Хятадын эрх баригчид тэг ковид бодлогыг үргэлжлүүлж байгаа. Харин энэ хатуу хязгаарлалтад бухимдсан олон нийт сүүлийн үед эсэргүүцлээ илэрхийлэх болсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон хотуудад эсэргүүцэл дэгджээ.
SCMP сонины мэдээлснээр, тэг ковид бодлогыг эсэргүүцсэн жагсаал 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө ч үргэлжилсэн байна. Бээжин хотод шөнийн 02 цаг орчимд олон зуун хүн цуглан, "Бид эрх чөлөөг хүсэж байна, бид хүний эрхийн төлөө зогсож байна" хэмээн хашгиралджээ.
Харин Сычуань мужийн Чэнду хотод хүмүүс шөнө дунд цуглан, эсэргүүцлээ илэрхийлэн алхсан бол Гаунжоу хотод олон зуун хүн Хайжу дүүргийн талбай дээр цугларэн эсэргүүцэл илэрхийлжээ. Мөн Шанхай хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр үйл явдлыг сурвалжилж явсан ВВС агентлагийн сурвалжлагч Эдвард Лоуренсийг цагдаагийнхан саатуулсан байна. Лоуренс Шанхай хотод ВВС агентлагийн сурвалжлагчаар ажилладаг аж. Цагдаагийнхан түүнийг хэдэн цаг саатуулаад дараа нь сулласан гэнэ. Түүнийг баривчлах үедээ цагдаагийнхан зодсон гэх бөгөөд Хятадын эрх баригчид энэ тал дээр ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ