Хятадын сансрын хөлөг тойрог замын станцтай холбогдлоо

Мягмар гарагийн үдэш хөөргөсөн Хятадын "Шэньжоу-15" жолоодлогот сансрын хөлөг БНХАУ-ын Үндэсний тойрог замын "Тяньгун" станцтай холбогдсон талаар тус улсын Жолоодлогот нислэгийн газар мэдээлжээ.
"Бээжингийн цагаар 11 дүгээр сарын 30-ны 05:42 цагт "Шэньжоу-15" жолоодлогот сансрын хөлөг онгоц станцын "Тяньхэ" суурь модульд амжилттай холбогдлоо" хэмээн Жолоодлогот нислэгийн газар мэдээлсэн байна.
Сансрын хөлөг онгоцыг Бээжингийн цагаар мягмар гарагийн үдэш 23:08 цагт хөөргөсөн бөгөөд нислэг долоон цаг үргэлжилжээ. Энэ нислэгээр гурван сансрын нисэгч тойрог замд ажиллахаар хөөрсөн юм. Тойрог замын станц дээр тэд 40 гаруй эрдэм шинжилгээний болон техникийн туршилтыг хийж, станцын гадна талын угсралтын ажлыг гүйцэтгэхээр гурваас дөрвөн удаа задгай сансарт ажиллах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ