Байден: Украины асуудлаар Путинтэй хэлэлцэхэд бэлэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путинтэй Украины асуудлаар хэлэлцэхэд бэлэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ Путин тусгай ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан нөхцөлд хэлэлцээ хийхэд бэлэн, мөн гагцхүү НАТО-той зөвлөлдсөний эцэст Оросын Ерөнхийлөгчтэй харилцана хэмээн онцолжээ.
"Хэргийн учир нь, ойрын үед би ноён Путинтэй харилцахаар төлөвлөөгүй байна. Хэлэг үгээ няхуур сонгоно. Путин үнэхээр л дайныг зогсоох арга зам хайж байгаа бол би түүнтэй хэлэлцээ хийхэд бэлэн. Одоогоор тэр ийм алхам хийгээгүй байна. Ийм алхам хийвэл, НАТО-ын нөхөдтэйгээ зөвлөлдөөд, Путинтэй ярилцаж, түүнд ямар санаа оноо байгааг сонсож суухдаа баяртай байна" хэмээн Байден мэдэгджээ.
Харин Эммануэль Макрон энэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ, АНУ болон Франц улс хэлэлцээ эхлүүлэх тал дээр Украинд дарамт шахалт үзүүлэхгүй хэмээн онцолсон байна.
"Өөрсдийнх нь хувьд байж боломгүй буулт хийхийг Украинаас бид шахахгүй " хэмээн Францын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, ойрын долоо хоног, эсвэл саруудад нөхцөл байдал хэрхэн өрнөх, түүнчлэн Украины тал ямар шийдвэр гаргахаас хамаарч хэлэлцээ хийх тохиромжтой цаг мөчийг тодорхойлох боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ