Украин хөгжин дэвжихийг ерөөсөн орос оюутныг торгожээ

Оросын Санкт-Петербург хотын шүүх оюутан Александр Жуковыг Оросын армийн нэр хүндийг гутаан доромжилсон хэрэгт буруутай гэж үзэн 30 мянган рублиэр (shuud.mn: монгол мөнгөөр 1,2 сая төгрөг)торгожээ. Энэ талаар Радио свобода мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, оюутан метроны хамгаалагчтай ярих үеэрээ Украин хөгжин дэвжихийг ерөөсөн нь Оросын армийн нэр хүндийг гутаасан хэрэг гэж шүүх үзэн, 30 мянган рублиэр торгосны дээр жижиг танхайн хэрэгт мөн буруутган 500рублиэр торгожээ.
Хэргийг тодруулбал, Жуковыг 11 дүгээр сарын 29-ний өдөр Петербургийн "Удельная" метроны өртөөн дээр саатуулжээ. Оюутан тухайн үед бэлтгэлдээ явж байсан тул том цүнх үүрч явсан байна. Тиймээс метроны хамгаалагч түүнийг саатуулан шалгасан аж. Ингээд оюутан цааш явахдаа Украинд хөгжил дэвшлийг ерөөсөн гэнэ. Тэрбээр энэ үгийг байнга хэлдэг бөгөөд энэ нь Орос Украин руу халдсаныг эсэргүүцэж байгаа түүний арга хэмээн Жуков сэтгүүлчид ярьжээ.
Харин хамгаалагч түүний үгэнд ихэд эгдүүцэн, "экстремикм", "хэт үндсэрхэг уриа хэлсэн" хэмээн буруутгаж, цагдаа дуудан, цагдаагийнхан ирэх хүртэл саатуулсан байна. Улмаар цагдаагийнхан ирж түүнийг хэсэг рүү авч явжээ. Оюутныг цагдаагийн хэсэг дээр авчирсныхаа дараа Украин бол террорист улс хэмээн цагдаагийнхан өгүүлээд, ямар нэг протоколд гарын үсэг зуруулалгүй урьдчилан саатуулах байранд оруулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ