Дэлхийн хамгийн ӨНГӨЛӨГ ХОТУУД

Дэлхийн хотууд ихэвчлэн түүхэн дурсгалт эсвэл байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай байдаг. Гэхдээ жуулчдын ихэнх нь аливаа хотыг өнгөөр нь дүрслэн санах нь бий. Жуулчид, аялагчдын нүд булаадаг хамгийн өнгөлөг хотуудад ямар хотууд багтдаг вэ?
1. Сент-Жонс (Канад)
Авалоны хойг дээр Канадын Ньюфанудленд мужийн төв оршдог. Энэ бол Хойд Америкийн хамгийн урд хэсэгт байх Сент-Жонс хот юм. Хотын түүх 1500-аад оноос энэ газар нутагт хяналтаа тогтоож байсан Английн загасчдаас эхтэй. Хэдийгээр баялаг түүхтэй, эртнээс хүн суурьшсан хэдий ч энэ хот жуулчдыг төдийлөн татдаггүй байжээ.
Харин 1970-аад онд хотыг үлгэрийн мэт гоёмсог болгохоор шийджээ. Ингээд хэдэн сарын туршид байшингуудын ханыг тод өнгөөр будах болсон байна. Ингээд энэ өөрчлөлтийн ачаар Сент-Жонс хот алдаршиж, жуулчдын хөлд дарагдах болжээ.
2. Исамаль (Мексик)
Юкатаны хойг Мексикийн гол аялал жуулчлалын газруудын нэгд тооцогддог. Учир нь энд майячуудын эртний соёл иргэншлийн туурь хадгалаатай байдаг юм. Гэхдпээ энэ хойг дээр Исамаль гэх өөр нэгэн өвөрмөц хот бий.
Энэ хот эрт цагт майячуудын шашны төв байсан бол одоо түүхэн болон соёлын чухал ач холбогдол бүхий гол хотуудын нэг болжээ. Исамаль хотыг өөрөөр Сьюдад Амарильо буюу Шар хот хэмээн нэрлэдэг. Учир нь энэ хотын бүхий л барилгыг алтан шар өнгөөр буджээ.
3. Прочида арал (Итали)
Италид Прочида хэмээх жижигхэн арал бий. Хэдийгээр жуулчдыг ихээр татдаггүй ч өвөрмөц орчинд амрах дуртай хүмүүс эндэхийг зорьдог. Нам гүмхэн, тайван орчинтой энэ газрын хуучны барилгууд тэнгист алсаас ч харагдахуйц өнгө өнгийн ханатай.
Ийнхүү барилгын ханыг өнгө алаглуулан будах болсон нь загасчидтай холбоотой. Эрт цагт загасчид гэрээсээ хол, тэнгист загасчлахаар явж байхдаа гэрээ таниж харахын тулд байшингийнхаа ханыг бусдаас ялгарах өнгөөр буддаг байжээ. Хэдийгээр загасчдын амьдралын хэв маяг өөрчлөгдсөн ч байшинг будах уламжлал хэвээр үлдсэн аж.
4. Кюрасао арал дээрх Виллемстад (Нидерланд)
Венесуэлийн эрэг орчим дахь Кюрасао арал дээр /Нидерландын бүрэлдэхүүнд багтдаг/ Виллемстад хэмээх жижиг хот бий. Энэ хотын бүхий л барилгууд өнгө өнгийн ханатай.
Барилгыг тод өнгөөр будах уламжлал XIX зуунаас эхтэй аж. Тухайн үед толгой нь хүчтэй өвддөг байсан Холландын генерал, хотын захирагч Альберт Киккерт барилгын цагаан хананд ойх нарны гэрлийн нөлөөнд байж чаддаггүй байсан гэнэ. Түүнд энэ ойсон гэрэл сөргөөр нөлөөлдөг байсан тул барилгын ханыг цагаанаас өөр ямар ч хамаагүй өнгөөр будахыг тушаажээ. Энэ нь нутгийн иргэдэд ч таалагдаж, бүгд л өөр өөрсдийн хүссэн өнгөөр байшингаа будсан гэнэ.
5. Бурано хороолол (Итали)
Венецийн гол хороолол болох Бурано хамгийн гоёмсог, хамгийн өнгөлөг газруудын нэг. Хотын барилгууд өнгө өнгийн ханатай байх бөгөөд энэ нь мөн л загасчдаас улбаатай аж.
Нутгийн оршин суугчдын ярьдгаар, эрт цагт загасчид тэнгист гарсан хойноо гэрээ танин харах гэж өнгө ялган буддаг байсан гэх. Өөр нэг яриагаар, загасчид ажлын дараа алжаалаа тайлан, согтууруулах ундаа уусныхаа дараа гэрээ андуурахгүйн тулд тод өнгөөр буддаг байсан аж. Зарим хүмүүсийн яриагаар, зүгээр л жуулчдын анхаарлыг татах гэж будсан ч гэх. Аль нь байлаа ч энэ дүүрэг хамгийн өнгөлөг, хараа булаам газруудын нэг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ