Хятадын 19 хот хязгаарлалтын дэглэмээ сулруулжээ
2022-12-06

Өнгөрсөн сарын сүүлээр Хятадад ковидын хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олон нийт жагсаал зохион байгуулж, томоохон хотуудад үймээн дэгдэж байлаа. Үүний дараагаас Хятадын эрх баригчид ковидын хязгаарлалтаа сулруулахаар болсон юм. 

 

Одоогийн байдлаар, Хятадын томоохон 19 хотод нийтийн тээврээр чөлөөтэй зорчих боломжтой болжээ. Зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг цуцалсан хотуудын тоонд Тяньжин, Бээжин, Чунцин, Шанхай, Шэньжэнь, Наньчан, Куньмин, Харбин, Чэндү, Ухань, Жэнжоу, Далянь,  Наньнин, Нанкин зэрэг хотууд багтсан байна. Эдгээр хотуудад нийтийн тээврээр зорчигчид коронавирусийн шинжилгээний сөрөг хариу үзүүлэх шаардлагагүй болсон талаар SCMP сонин мэдээлжээ. 

 

Хятадын эрх баригчид олныг хамарсан эсэргүүцэл гарсны дараа коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг өөрчилж, хязгаарлалтыг сулруулахаар амалсан юм. Энэ хүрээнд зарим хотод олон нийтийн газраар явж буй иргэдээс шинжилгээний хариу шаардахаа больсон бол Бээжин хотод шинжилгээний цэгүүдийг хааж, кинотеатрууд үүд хаалгаа нээжээ. 

 

ХЯТАДАД ДАХИН ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРЧ, ЖАГСАГЧИД ЦАГДААГИЙНХАНТАЙ МӨРГӨЛДЖЭЭ

Гурван жилийн хугацаанд хатуу хязгаарлалтан дунд амьдарсан хятадууд тэг ковид бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд олон хотод жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Тэд ийнхүү нэгдэх болсон шалтгаан нь Шинжаан-Уйгурын Үрүмч хотод гарсан гал түймэр байв. Галын улмаас 10 хүн амиа алдсан бөгөөд хатуу хөл хорионы үеэр байраа цоожлуулсан иргэд гадагш гарч чадалгүй амиа алдсан нь хатуу хязгаарлалт тавьж буй эрх баригчдын буруу гэж нутгийн оршин суугчид үзсэн юм. Ингээд Үрүмч хотод эхэлсэн жагсаал өөр олон хотод зохион байгуулагчид, оюутан залуус ихээр нэгдэн, эрх чөлөө, ардчиллыг шаардан, Ши Жинпинийг огцрохыг ч уриалж байлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин