"Империал гоулд майнинг" компани 16 тэрбумын зээл авч, 7,3 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулжээ
2023-01-17

Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

 

 

Өнөөдрийн сонсголын эхэнд "Империал гоулд майнинг"-ийн “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонслоо.

 

"Империал гоулд майнинг"-ийн ХХК Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас авсан 16 тэрбум төгрөгийн зээл авсан, үүнээс 7,3 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласан гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Харин Хөгжлийн банкны дүгнэлтэд "Хаан банкны барьцаанд бүртгэлтэй, ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг 9,2 тэрбум төгрөгөөр үнэлж барьцааны шаардлага хангуулсан Хөгжлийн банкны 10.1.6 заасан барьцаан хөрөнгийн шаардлага хангаагүй” гэжээ.

 

 

"Империал гоулд майнинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Батмагнай: Манайх бол алтны компани. 2018 оны 11 дүгээр сард зээлийн гэрээ байгуулсан. Бид арилжааны банктай харилцдаг бизнесийн байгууллага. Санхүүгийн менежмент хийхээр Хөгжлийн банкнаас зээл авсан. Хөгжлийн банк 12 хувийн хүүтэй зээл хийсэн. Хөгжлийн банк зээлийн гэрээ хийснээс хойш 2019 хойш найман сарын дараа мөнгө орсон. Энэ хооронд янз бүрийн шалтгаанаар мөнгө олж, үйл ажиллагаагаа явуулсан. 16 тэрбум төгрөгийн зээлийн 4 тэрбум нь эргэлтийн хөрөнгө байсан. 4 тэрбумын эргэлтийн хөрөнгийг өөрсдөөсөө гаргасан гэсэн үг. Ингэж удахыг мэдсэн бол Хөгжлийн банкнаас зээл авахгүй байсан. Жилийн 6 хувийг хүүгийн зөрүүг хэмнэх гэж байгаад 6 байтугай хувийн алдагдал хүлээсэн. 

 

Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр: Энэ зээлийг уурхайн эргэлтийн хөрөнгөд болон алт баяжуулах үйлдвэрийн барилгын засалд зарцуулна гэсэн зориулалтаар авсан байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр энэ зээлийн тал нь буюу 8 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авсан гэсэн утгатай "Говь асайт менежмент" компани руу шилжүүлсэн байна. Энэ тоног төхөөрөмжийг тухайн компаниас авсан уу? 

 

 

"Империал гоулд майнинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Батмагнай: Манайх энэ төхөөрөмжийг аваагүй. Манайх Монголд байхгүй. 40 метрийн хүнд цэвдэгтэй, далд уурхайгаар олборлодог, босоо цооног, налуу амаар ордог. Гүний тоног төхөөрөмж өвлийн улиралд ажилладаг. 

 

Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр: Хөгжлийн банкнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тоног төхөөрөмж авахаар  "Говь асайт менежмент" компани руу шилжүүлсэн өдөр таны "Империал гоулд майнинг" ХХК -ийн данс руу 5,4 тэрбум төгрөг шилжиж ирсэн. Мөн 3 хоногийн дараа 2,5 тэрбум төгрөг  таны данс руу шилжиж орсон байна. Анхнаасаа  "Говь асайт менежмент" нь халхавч байдлаар тоног төхөөрөмж худалдан авсан гэх агуулгаар танайх руу мөнгийг шилжүүлэх компани юм бишүү. Танайх  "Говь асайт менежмент"-ийг ашигласан уу? 

 

"Империал гоулд майнинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н. Батмагнай:  Тус компанитай хийсэн гэрээний дагуу урьдчилгаа мөнгөө хийх ёстой байсан. Хөгжлийн банкнаас мөнгө орж ирэхгүй байгаа учраас би өөрөө хятад руу явж тоног төхөөрөмжөө авч ирсэн.

 

Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр: "Империал гоулд майнинг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваажаргалаас асуулт байна. Т.Мөнхбаяр гэдэг нь "Салхитын мөнгөний орд"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан МУ-ын Хөдөлмөрийн баатар  Т.Мөнхбаяр мөн үү? 

 

 "Империал гоулд майнинг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваажаргал: Мөн

 

Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр: Энэ зээлийг авах үед Т. Мөнхбаяр гэдэг нь "Салхитын мөнгөний орд"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан уу?

 

 "Империал гоулд майнинг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваажаргал: Тухайн үед томилогдоогүй байсан. 

 

Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр: Хамаарал бүхий байдлаас авч үзэхэд Т.Мөнхбаяр нь  идэвхтэй хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байна. Гэвч улсын бүртгэлээс авсан лавлагаагаар зээл авахаас хэдэн сарын өмнө идэвхтэй хувьцаа эзэмшигч гэх бүртгэлээ хасуулсан байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

 

 "Империал гоулд майнинг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваажаргал: Мэдээлэл байхгүй байна

 

Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр: 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр буюу Хөгжлийн банкнаас мөнгө шилжсэний маргааш өдөр нь МТК ХХК Т.Мөнхбаяраас зээл хаав гэсэн утгатай 1,7 тэрбум төгрөг шилжсэн. "Салхитын мөнгөний орд"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан МУ-ын Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр зээлийг хаах утгаар гарсан гүйлгээ мөн үү?

 

"Империал гоулд майнинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н. Батмагнай:  МТК ХХК Т.Мөнхбаяр бид хоёрын хамтран эзэмшдэг байсан компани. 4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөө өөрсдөөсөө гаргасан. Энэ төхөөрөмжийг мөнгийг өөрсдөөсөө гарсан. Т.Мөнхбаяр гэдэг хүн одоо юу хийж байгааг би мэдэхгүй. 

 

Хяналт шалгалтын түр хорооны дарга Б.Энхбаяр: Хөгжлийн банкнаас олгох зээл хугацаа хоцорсон учраас би өөр газруудаас зээл авсан, өөрсдөө санхүүжилт хийсэн. Хамаарал бүхий компаниудаас зээл аваад тоног төхөөрөмжөө авсан. Түүнийгээ буцааж шилжүүлсэн. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Зовлонгоо яриад л байх шиг байна. Таны үл хөдлөх, барьцааг цоожилж хаячихаад ямар хугацаанд зээл өгсөн. Хөгжлийн банкнаас яагаад зээл хойшилсон асуудал гараад байсан юм бэ? Хэд хэдэн кейс байна. Бүх зээлүүд зориулалтын бусаар зарцуулаад байна шүү дээ. Та нар ямар дүгнэлтээр боломжгүй компаниудад зээл өгөөд байсан юм бэ? Зээл орж иртэл хаа сайгүй өр төлбөр тавьчихсан байна. Та нар боломжгүй компанид зээл өгөхдөө хувь авдаг байсан уу? 

 

Хөгжлийн банкны Зээлийн газрын захирал Мөнхбаяр: Зээлийн судалгаа болон шийдвэр гарах үед тодорхой нөхцлүүд тавигддаг. Тухайлбал, барьцааны хөрөнгүүдийг суллах, лицензүүдийг суллах шаардлагууд байдаг. "Империал гоулд майнинг" ХХК-ийн хувьд өөрсдөөс нь шалтгаалсан хугацаа хоцорсон асуудал байсан. Тухайн үед уурхай дээр нь осол гараад Мэргэжлийн хяналтаас лацадсан гэх асуудал үүссэн. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Jonhuugiin mungunii schem l baina
2023-01-17