Иргэдийг хямд өртөг бүхий орон сууцтай болгоно
2010 онд НХХЯ-аас орцны гэр бүлийн нөхцөл байдалд судалгаа явуулахад Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгуудад нийт 1431 хүн орцны жижүүрээр ажиллаж байгаагаас 60-аад хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байсан бөгөөд тэдний 70 гаруй хувь нь 1мХ3м хэмжээтэй орцны шатны хөндийд 3 болон түүнээс дээш ам бүлийн гишүүнтэйгээр амьдарч, ажиллаж буй дүр зураг гарсан юм.
Мөн түүнчлэн тус яамнаас 2009-2010 онд хэрэгжүүлсэн “Хөгжим хүүхдийн хөгжил”-д төсөлд хамрагдсан хүүхдүүдийн дунд яагаад тэнэмэл амьдралаар амьдрах болсон шалтгааныг тодруулахаар судалгаа явуулахад 30 гаруй хувь нь орцны жижүүрээр ажиллаж, орцон дахь шатны хөндийд амьдардаг гэр бүлээс гаралтай бөгөөд унтах газаргүй, эцэг, эх нь дарамталдаг, энэ амьдралын хэв маягаасаа ичдэг учир тэнэж амьдрах болсон гэсэн хариултыг өгсөн байна.
Тиймээс НХХЯ-аас НХХЯ-аас орцны жижүүр, түүний гэр бүлийн гишүүдийн зан үйлийг өөрчлөх, амьдралд болон өөртөө итгэх итгэлийг нь дэмжих, нийгмийн идэвхтэй гишүүн болгон хөгжүүлэх, хөдөлмөр эрхлүүлж, амьжиргааг нь дээшлүүлэх замаар өөрийн хөдөлмөрөөрөө орон байрны нөхцлөө сайжруулах, тэднийг нийгэмшүүлэх үйл ажиллагааны загварыг бий болгох зорилгоор “Шилжих хөдөлгөөн ба орцны гэр бүл” буюу “Гэртээ харих зам-2” төслийг 2011 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлээд байна.
Төсөлд нийслэлийн 6 дүүрэг тус бүрээс 15, нийт 90 өрхийг сонгон авч, зан үйлийн сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, мэргэжлийн сургалт, ажилд зуучлах зэрэг арга хэмжээг өнгөрсөн онд авч хэрэгжүүлээд байна. Мөн орцны жижүүрээр ажиллаж буй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хөндсөн, нийгэмд чиглэсэн 47-48 нэвтрүүлэг, нийтлэлийг 25-р суваг телевиз, Өнөөдөр сониноор дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.
2012 онд НҮБ-ын ХАБИТАТ байгууллагатай хамтран “Шилжих хөдөлгөөн ба орцон дахь гэр бүл” төсөлд хамрагдаж буй өрхүүдээс 50 өрхийг сонгон авч амьдрах орон байрны нөхцөлийг нь сайжруулах зорилгоор орцны жижүүрүүдтэй санал солилцох уулзалтыг ийнхүү зохион байгуулж байна.
Энэхүү төслийн хүрээнд 2013 онд Сонгинохайрхан дүүрэгт загвар маягаар эхлүүлэхээр тус дүүргийн Тамгын газартай хамтран ажиллахаар болоод байна.
Эхний ээлжинд СХД-ийн 21-р хороонд Суурьшлын бүсийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний боломжийг бий болгохоор 2-3 га газар аваад байгаа бөгөөд энэ газарт Монгол Хабитат байгууллагын загвараар орон сууц барих энэхүү төслийн үйл ажиллагаанд орцны жижүүрүүд өөрийн биеэр хамрагдан идэвх, санаачилгатай оролцох ёстой юм.
Ийнхүү хямд өртөг бүхий орон сууц барихын зэрэгцээ гадна талбайд ногоо тарих, өрх гэрээрээ үйлдвэрлэл эрхлэх зэргээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгохоор төлөвлөж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ