Вучич: Серби Оросын эсрэг хоригт нэгдэхгүйгээр хэр удаан тэсэхийг хэлж мэдэхгүй байна
2023-02-03

ОХУ Украинд дайн өдүүлсний дараа дэлхийн улс орнууд, тэр дундаа Европын орнууд бүгд л Оросын эсрэг хориг тавихад Европын холбооны гишүүнд нэр дэвшигч, Балтийн хойгийн орон болох Серби улс энэ хоригт нэгдээгүй юм. 

 

Харин пүрэв гарагт Сербийн парламентад "Эрх чөлөө, шударга ёсны нам"-ын орлогч дарга Мариника Тепич үг хэлэхдээ Оросын эсрэг "ядаж ганц багц хориг" тавихыг уриалсан байна. Гэвч үүнийг биелүүлэх боломжгүй гэж Сербийн Ерөнхийлөгч мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ. 

 

Тодруулбал, Серби улс Оросын эсрэг хоригт нэгдэхгүйгээр хэр удахыг хэлж мэдэхгүй гэж Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдсэн байна. Хориг арга хэмжээ тавихаас татгалзсаныхаа төлөө Серби өндөр төлөөс төлж байгаа ч өөрийнх нь хувьд энэ нь улсын нэр хүндийн асуудал гэж Вучич мэдэгджээ.

 

Александр Вучич  өнгөрсөн оноос эхлээд л Серби улс Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэх бодолгүй байгаа хэмээн мэдэгдсээр байгаа юм. Хориг арга хэмжээ нь үр дүнгүй хэмээн тэрбээр үзэж байгаа бөгөөд ийм хориг тавихаас татгалзсаныхаа төлөө холбоотонгүй үлдсэн гэдгийг ч хүлээн зөвшөөрч байв. Гэхдээ Серби Оросын армийн үйлдлийг дэмждэггүйн дээр Крым, Донбассыг Украины нутаг гэж үздэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
балтийн хойг гэнэ үү, балканы гээч ээ
2023-02-03