
Улстөржилгүй эдийн засгийн утгаар нь харвал сүүлийн нэг жилийн хугацаанд Тавантолгой тойрсон дөрвөн том тендер зарлагдаж. Стратегийн тодотголтой 15 ордоос хамгийн ихээр анхаарал татаж буй хоёр толгойн нэг Тавантолгойн орд хэзээ эргэлтэд орох нь улстөрчдөөс хамаарах нь тодорхой. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд тендерүүд хэрхэн явагдаж ирэв гэдгийг цухас авч үзье.
Одоогоор дөрвөн тендерийн нэгийнх нь л шалгаруулалт дууссан дүр зурагтай. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөвлөгөөг боловсруулж, IPO хийхэд зөвлөгөө өгөх зөвлөх компанийн тендерт дэлхийн нэр хүнд бүхий 15 банк өрсөлдсөнөөс гол зохион байгуулагч буюу спонсороор Германы “Дойче” , Америкийн “Голдман сакс” хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцохоор Францын “Би Эн Пи Париба”, Австралийн “Маквэари” банкууд шалгарсан. Нэгдүгээр тендер ийн ялагч нь тодорсон ч, шалгарсан этгээдүүдийн үйл ажиллагаа, нэр сүртэй холбоотой сөрөг мэдээллүүд цацагдаж ирэв. Харин шалгаруулсан Ажлын хэсгийн зүгээс үүнийг өрсөлдөгчдийнх нь хийж буй ажил хэмээн зөөллөдөг бөгөөд ирэх 2012 онд Эрдэнэс Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн биржид гарна гэх мэдээллийг өгч байна.
Хоёр дахь бөгөөд хамгийн чухал тендер нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер. Ялагч нь тодорсон гэж Засгийн газар нь мэдэгдэж нэг үзсэн ч, өдгөө Баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагч консорциумыг шалгаруулах хэлэлцээ үргэлжилж байгаа нь тодорхой. Орос, Хятад, Америкийн компаниуд дээр зайлшгүй нэмэгдэх ёстой нь Япон, Солонгосын консорциумууд. Гэхдээ Япон, Солонгосчууд хэлж яриад, амлаад байдаг шигээ өндөр технологи аваад ирэхгүй юм билээ хэмээн ТӨХ-ны дарга учирласныг умартаж болохгүй. Явж явж хөрөнгө оруулагчдын гэхээсээ дотоодын цэгцгүй байдал энэ тендерийг удаашруулж байгаа. Ордыг хэсэгчлэн хувааж ашиглахгүй, тусдаа компаниудыг оруулж ирэхгүй гэхчлэн улстөрчид зөрцгөөж байна.
Гурав дахь тендер нь мөн л ялагч нь тодорхойгүй байгаа олборлогчийг шалгаруулах тендер. Гадны “NASDAQ”, “Perth Now” зэрэг мэдээллийн хэрэгслүүд Австралийн “Macmahon Holdings” болоод Германы “BBM Operta” групп Тавантолгойн Зүүн Цанхийн “Эрдэнэс Тавантолгой уурхайгаас олборлолт хийх эрхийг авсан тухай мэдээлж байхад дотоодод мэдээлэл байгаагүй. Гол нь гадны эх сурвалжууд “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш ингэж мэдэгдлээ хэмээн дамжуулж байсан нь хар дагуулж байсан. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд тендерийн дүнг албан ёсоор хэн ч мэдээлээгүй. Б.Энэбиш дарга амаа үдүүлсэн мэт суугаа.
Дөрөв дэхь тендер нь Эрдэнэс Тавантолгойн Гүйцэтгэх захирлын тендер. “Эрдэнэс МГЛ” компани өнгөрөгч оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлыг тодруулах сонгон шалгаруулалтын тендерийг зарласан. Тендерийг олон улсад нээлттэй зарласан. Одоо байгаа мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан Орлогч захирлаар Дэлхийн банкны Уул уурхайн ахлах мэргэжилтэн, салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийн удирдагч Грэм Хэнкок сонгогдох нь гэсэн мэдээлэл бий. Дэлхийн банкинд дөрвөн жил гаруй ажилласан Грэм Хэнкокийг яг томиллоо гэсэн мэдээллийг мөн л албаны эх сурвалжаас хэн ч өгөөгүй байна.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ