Нийгмийн хамгааллын аль ч хуулинд ядуу хэсгийг дэмжих эрх зүйн зохицуулалт байгаагүй

img

Нийгмийн халамжийн хууль батлагдсантай холбогдуулан цаашид уг хуулийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарах, бусад хууль, дүрэм журамтай уялдуулах, иргэд олон нийтэд ойлгуулан таниулах зорилгоор УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөл болон хуулийн төсөл дээр хамтран ажилласан ажлын хэсгийнхнийг оролцуулсан уулзалтыг НХХЯ-аас зохион байгууллаа. Шинэчлэн батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн үндсэн зорилго нь  төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамжид хамрагдах иргэдийг зөв тодорхойлох, төрөөс үзүүлэх халамж дэмжлэгийг оновчтой хүртээмжтэй болгоход чиглэгдэж байна. Засгийн газраас 2010 онд Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү буюу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэгт түлхүү чиглүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус өргөн барьсан юм. Нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар нийгмийн халамжийн арга хэмжээнд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байна. Нийгмийн халамжийн тухай хууль 1995 онд батлагдсанаас хойш ядуу, орлого багатай хэсгийг тусгайлан дэмжсэн эрх зүйн зохицуулалт байгаагүй юм. Эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллын аль ч хуулинд ядуу хэсгийг дэмжих эрх зүйн зохицуулалт байгаагүй юм. Нийгмийн халамжийн багц хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэн, шилжин ирсэн ядуу өрхийн иргэн, асрамжаас гарсан өнчин хүүхэд, залуус, согтуурах мансуурах донтой иргэн, орлого, хэрэглээ байгатай хамгийн ядуу хэсэг, хорихоос суллагдсан иргэн зэргийг дэмжих, нийгэмшүүлэх үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хүргэх боломжтой болж байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд улиралд нэг удаа олгож байсан тусламжийг сар бүр олгохоор тусгаж, тэдэнд олгодог тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тусгалаа.  Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын тодорхой болгож оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар боллоо. Бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эх /эцэг/ зэрэг нэр томъёог тодорхой болгох, халамж, асрамжийн төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээг Иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгжээр гэрээлэн гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд нэн шаардлагатай байдаг протез, ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгсэлийнх нь хөнгөлөлт үзүүлэх эдэлгээний хугацааг хэтэрхий олон жилээр тооцож байсан нь эдгээр иргэдэд ихээхэн хүндрэлтэй тусч байсныг өөрчлөв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилалд явахад нь асран хамгаалагчийн зардлыг нь нэмж тусгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд явахад унааны зардлын хөнгөлөлт олгох зэрэг арга хэмжээг хуулинд нэмж тусгав. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгож байсныг сар бүр олгож байх зэрэг олон өөрчлөлтүүд орсон юм. Нийгмийн халамжийн хууль ийнхүү батлагдсанаар эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, хүнс тэжээлийн зорилтот хөтөлбөрүүдийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр туршиж байсан “хүнсний талон”, “медкарт” хөтөлбөрүүдийг үр дүнтэй уялдуулан боловсруулж, батлуулах боломж бүрдэж байна. Үүний зэрэгцээ орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглан өрхийн амьжиргааны түвшний талаарх мэдээллийн санг бий болгосноор нийгмийн халамжид төдийгүй өрхөд түлш, эрчим хүч, татвар, хураамжийн хөнгөлөлт үзүүлэх, малжуулах, ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, үнийн татаас олгох зэрэг эдийн засаг, нийгмийн бусад арга хэмжээнд хэрэглэх боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Халамжийн тухай хууль шинэчилсэн найруулга гээд гүүгэлээс хайвал гарч ирнэ тэгээд хэлвлэж аваад унших боломжтой
2013-04-07
jiriin irgen hun ene huuliig buren eheeer n haanaas olj avah ve??
2012-01-28
udarnik medkart gesen oros ugnuudeee hasaachee
2012-01-28