"Мэс заслын аргаар хүйс солихыг бүрэн хориглох" тухай заалт тусгасан хуулийн төслийг Оросын Төрийн думд өргөн барьжээ. Энэ талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хүйс солихыг хориглох тухай заалтыг "Эрүүл мэндийг хамгаалах тухай", "Иргэний байдлын тухай" хуульд нэмэлтээр оруулахаар зэхэж байгаа бөгөөд энэ хуулийн төслийг Думын 400 гишүүн боловсруулжээ. Хуулийн төсөлд зааснаар "хүүхдийн хүйс тогтох төрөлхийн физиологийн гажгийг эмчлэх"-ийн тулд л хүйс солих мэс ажилбар хийхийг зөвшөөрөх гэнэ. Үүний тулд улсын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн комиссын зохих шийдвэр шаардлагатай болох аж. Түүнчлэн албан баримт бичиг дээр хүйс солихыг хориглох заалт хуулийн төсөлд тусгагдсан байна.
Энд дуулгахад сүүлийн үед Орост бэлгийн цөөнхтэй холбоотой хориг тусгасан төрөл бүрийн хууль журам ээлж дараалан гарсаар байгаа юм. Энэ хүрээнд ижил хүйстэн, бисексуал, трансжендерийг сурталчилсан агуулгатай мэдээлэл түгээхийг хориглосон. Хоригийг зөрчвөл иргэнийг 400 мянган рубль, хуулийн этгээдийг 5 000 000 рублиэр торгох заалт үйлчилж байгаа юм.
Г.бямбасүрэн