-Монголчууд азийн цагаан сараас нэг сараар хоцорч шинэлэх гэж байна. Яагаад монголчууд азийн зурхайгаас зөрөөд байдаг юм бэ?
-Энгийнээр хэлэхэд 2012 он гараад Азийн орнууд бүгд цагаан сараа тэмдэглэж байна. Нэгдүгээр сарын 23-нд шинийн нэгэн болоод ид баярлаж байна. Гэтэл манай монголчууд ази тивд байгаа атлаа энэ жил цагаан сараа нэг сарын дараа буюу хоёрдугаар сарын 22-нд шинэлэх гэж байна. Үүнд хүмүүс гайхаж, төөрөлдөж байх шиг байна. Хүмүүсийг юмыг амархан мартдаг. Ганцхан энэ жил бүтэн сараар зөрч байгаа юм биш. 2001 оны нэгдүгээр сарын 24-нд Азийн цагаан сар, хятадын цагаан сар болсон. Харин монголчууд бүтэн сарын зөрүүтэй шинэлсэн. Яагаад ингээд зөрөөд байдаг гэхээр намрын сар илүү сартай байсан учир зөрсөн. 2011 онд илүү сартай зуныг үдсэн болохоор нэг сараар зөрж тэмдэглэх нь зөв. Одон орон гүн ухааны тооллоор нэг сарын дараа тэмдэглэж байна. Хаврын урь орох өдөр Монголын цагаар хоёрдугаар сарын 4-6-ны хооронд ордог. Хаврын урь ороогүй байхад цагаан сараа мэдэглэж болохгүй. Тэгэхээр хүн бүр цаг тооны бичгээ эргүүлээд харж сайн ашиглаж сурах хэрэгтэй. Энэ жилийн хаврын урь хоёрдугаар сарын 4-ны 18,30 цагт буюу хагас сайн өдөр өвлийн адаг цагаагчин үхэр сарын хөхчин хонь өдөр байна. Жил бүр зөрлөө азийн цагаан сараас зөрүүллээ гэсэн хүмүүсийн төөрөгдөл дээр тоглолт хийгээд байгаа хүмүүс байна. Хятад дөрвөн улирлыг нарийвчилдаггүй дулаан уур амьсгалтай. Монголчуудын лам нар буруу зурхай зураад шинжлэх ухааны үндэслэлгүй гэж ойлгож болохгүй. Энэ бол маш нарийн тооцооллоор гаргасан байдаг. Монгол үндэстний 100 жилийн цаг тооны бичгийг зураад гаргачихсан болохоор дахин маргаан гарахгүй байх.
-Дэлхий ганцхан сар, одтой байтал яагаад ийм шар зурхай, төгс буянтын гээд олон зурлага, зурхай гараад байна вэ?
-Бид буруу ярьж буруу ойлгоод байна. Зурхайн ухаан гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон орон судлалын шинжлэх ухаан юм. Дэлхий нэг нартай, нэг сартай тэнхэлгээрээ эргэдэг. Гэтэл шар зурхай, төгс буянт гэж ойлгогдоод байгаа. Зурхай нь урсгалаараа явдаг болохоос үндсэн ганцхан тооцоололтой. Түүнээс шар, төгс буянт гээд өөр зурхай байна гэж ойлгож болохгүй. Харин яагаад зөрдөг юм бэ гэхээр өдрийн нарыг ашиглахаар зуны өвлийн цаг тоололд шилждэг болохоор зөрүү үүсдэг. Зурхайд нарны хөдөлгөөний үндэс болгосон зурхай, сарны хөдөлгөөнийх гэж байдаг бол нар сарны хосолсон хөдөлгөөнийг хосолсон тоолол нь Монгол зурхайн тоолол юм. Өдөр тасраад байгаа нь нар сар тасраад байгаа юм биш. Ийм жигд биш хөдөлгөөний зөрүүг шинжлэх ухаанд хожуу тогтоосон.
-Та яагаад төгс буянтын зурхай байхгүй гэж яриад байна вэ? Та лам хүн шүү дээ?
-Түвдийн зурхайн Гэ дан сар зи гэдэг судар бий. Энэ үгийг махчлан орчуулахаар төгс буянтын зурхай гэдэг сударын нэр юм. Ишбалжир гэдэг хүн шинэ зурхай тоолол нээчихсэн юм биш. Өмнөх зурхайн ухааныг сайжруулаад өөрөө зохиосон номондоо ийм нэр өгсөн юм. Манай зурхай ч нар тэр номноос иш аваад байгаа юм. Зурхай ухаан гэдэг хүн төрөлхтөн бий болсон цагаас судлагдаж ирсэн. Өнөөг хүртэл судлагдаж явсаар ирсэн шинжлэх ухаан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ