Эрдэнэшишийн тариаланг хөгжүүлнэ

img

“Монголд тэжээлийн эрдэнэшишийн тариаланг хөгжүүлэх” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. Монголын шувууны аж ахуй жил бүр 15,0-20,0 мянган тонн эрдэнэшишид суурилсан тэжээлийг гадаадаас худалдан авдаг. Хэрэв үндэсний тариалан эрхлэгчид тэжээлийн эрдэнэшишийг тариалж нийлүүлбэл таваарын буудайн үнээр худалдан авах боломжтойгоо Шувуучдын холбоо илэрхийллээ. Усалгаатай тариалангийн хөгжил, уур амьсгалын дулаарал, болц богинотой эрдэнэшишийн сортууд монголд туршигдаж үр дүнгээ өгч байгаа зэрэг бодит нөхцлүүд нь эрдэнэшишийн боргоцой үр бэлтгэх боломжтойг харуулж байна. ХХААХҮЯ-аас энэ онд тэжээлийн эрдэнэшишийн үр нийлүүлж, эрдэнэшишийн тариаланг хөгжүүлж эхэлнэ. Эрдэнэшиш тариалах зориулалттай үрлүүр, хураах жатка нийлүүлэх шаардлага бий болж байгаа юм. Үндэсний тариалан эрхлэгчид тэжээлийн эрдэнэшишийг шүүст тэжээл, дарш бэлтгэх зориулалтаар тариалж байсан туршлагатай. Харин боргоцойн үр хураан авч байгаагүй. Судалгаа шинжилгээний ажлаар боргоцойн үр авсан үр дүн гарсан. Богино хугацаанд 100-110 хоногт боловсордог сортууд туршигдсан. Халхголын бүс нутагт доктор А.Хүчит амжилттай туршиж байсан. Сүүлийн дөрвөн жилд Дарханы УГТСЭШХ-ийн эрдэмтэн доктор Ж.Намжилсүрэн канад, японы дөрвөн сорт туршиж үр боловсрохыг тогтоогоод байна. Эрдэнэшишишийг өргөн мөрөөр тариалдаг. Үндэс нь хүчирхэг сийрэг хөрсөнд нэг метр радиуст гурван метр хүртэл гүн тархдаг. Сэлгээнд оруулахад хөрсийг сийрэгжүүлэх, ялзмагийг нэмэгдүүлэх сайн талтай. Үр тарианд сайн өмнөгч болно. Тарих үрийн норм 18-25 кг/га. Нэгжээс авах ургац буудайнаас 2,5-4 дахин өндөр буюу 35-45 цн/га. Ногоон массын ургац 250-300цн/га. Чанар сайтай тэжээлийн түүхий эд болно. Зах зээлийн үнэ буудайн үнэтэй ойролцоо. Дотоодын хэрэгцээ  захиалга өгөөд байгаа 15,0-20,0 мянган тонн. Эрдэнэшишээс  нийт арван мянга гаруй бүтээгдхүүн гарган авч болдог тул хүнс, тэжээл, техникийн үнэт таримал юм. Цаашдаа хүнсний болон техникийн зориулалттай сортуудыг тариалах өргөн боломжтой гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ