О.Энхсайхан: Боксын спортоор оргилд нь гарахыг хүсэж байна

img

 

Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний эрэгтэй 54 кг-ийн жинд Хятадын боксчин Хуанг Жиахаог хүч техникээр илүүрхэн ялж, алтан медаль хүртсэн Ихэр бээлий клубын өсөх ирээдүйтэй тамирчин О.Энхсайхантай спортын талаар хэсэг хором ярилцлаа.  

 


 

-Сайн байна уу. Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулаач? 


- Сайн байна уу. Намайг Оюу-Эрдэнэ овогтой Энхсайхан гэдэг. Энэ жил 37 дугаар сургуулийг төгссөн. "Ихэр Бээлий" клубын тамирчин. 


-Зүүн Азийн Залуучуудын наадамд Хятадын тамирчинтай финалдаад аварга болсон шүү дээ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцвал? 


- Зүүн Азийн наадамд Хятадын тамирчинтай финалдаж, техникийн илт давуугаар ялж аварга болсондоо маш их баярлаж байгаа. Тухайн үед Монгол улсынхаа төрийн дууллыг олон улсын тамирчдын өмнө эгшиглүүлсэн нь өмнө нь хаанаас авч байгаагүй их гоё мэдрэмж байсан. 


-Боксын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?


- Би "Ихэр Бээлий" клубын тамирчин. Одоогоор боксын спортоор хичээллээд гурван жил болж байна. Манай багш "Ихэр Бээлий" клубын дасгалжуулагч Түндэвийн Ганзориг гэж мундаг хүн бий. Багш минь клубынхээ бүхий л хүүхэдтэй гэр бүлийн гишүүн шиг ээ хайрлаж, ойлгож, ямарваа нэгэн зүйл болохгүй байвал үргэлж хажууд байж дэмжиж ирсэн. Тийм болохоор аливаа хэцүү болгоныг хамтдаа даван туулж ирсэнд нь маш их талархдаг. 

 


 

-Бокс тулааны спорт учраас хүнд бэрхшээлтэй үе байсан байх. Тэр бүхэнд шантарч байв уу?


- Мэдээж амаргүй спорт шүү дээ. Шантрах үе их тохиолдоно. Жишээ нь жингээ хасахад ч юм уу эсвэл тэмцээнд хожигдоход үнэхээр хэцүү байдаг. Энэ үед хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх ёстой юм байна гэж ойлгосон. Мөн боксын спортоор хичээллэхдээ хэн нэгний шахалтаар бус зөвхөн өөрийн хүсэл зорилгоор орсон учраас шантарсан ч спортоо хаяхгүй гэж боддог. 


-Боксын спортын сайхан болон хүндрэлтэй зүйлсээс хуваалцахгүй юу?


-Боксын спортыг ихэнх хүмүүс зүгээр л зодоон гэж ярьдаг. Миний хувьд боксын спорт бол урлаг юм. Боксын спорт нь цээж хөдөлгөх, гаргах, цохилтоо хэрхэн цохих гээд толгой ажилладаг учраас шатар, бокс хоёр ижил юм шиг санагддаг. 


 -Хамгийн өрсөлдөөнтэй ямар тулаан байв?


- Миний хувьд хамгийн өрсөлдөөнтэй тулаан бол 2023 оны насанд хүрэгчдийн улсын аваргын эхний тулаан байсан. Тухайн үед миний өрсөлдөгч Хангарьд спорт хорооны тамирчин н.Азбаяр гэж мундаг ахтай тулалдсан.  

 


 

-Рингэн дээр гарахдаа юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?


- Рингэнд гарахдаа хамгийн их урам зориг авдаг зүйл бол өөртэйгөө ярилцах байдаг. Миний хувьд тэмцээний өмнө ямар нэгэн хүнтэй ярилгүйгээр өөрийгөө тусгаарладаг. Ингэснээр тэмцээний өмнө өөрийнхөө бодол санааг цэгцэлж, сайн төвлөрч чаддаг. Бас намайг дэмжихээр ирсэн хүмүүс, дасгалжуулагчийн хэлж байгаа үг хамгийн  том урам зориг өгдөг.  


-Чи боксоос өөр юу сонирхдог вэ, чөлөөт цаг аа хэрхэн өнгөрүүлж байна?


Би боксын спортоос гадна сагсанбөмбөгт сонирхолтой. Чөлөөт цагаараа ихэвчлэн сагс тоглодог. Байнга бокс бодохгүйгээр хааяа сагс тоглохоор бие болон сэтгэл санаа амарч чаддаг.  

 


 

-Цаашдын зорилгоосоо  хуваалцахгүй юу?


Би олимп дэлхийн аварга болно гэсэн маш том зорилго өвөртөрлөж явдаг. Энэ зорилгодоо хүрэхэд маш их цаг  хугацаа орох байх. Харин ойрын зорилго гэвэл залуучуудын азийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Үүндээ бэлдэж заавал амжилтад хүрэх л зорилготой байна даа. 


-Боксын спортоор амжилт үзүүлж, олимпийн аварга болоорой гэж ерөөе

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сумка шиг л юм болно доо. алт мөнгө аваад тэгээд зх зээл рүү ор
2023-08-25
Залуу:
Архи, тамхинаас хол байгаарай. Амжилт хүсье дүүд.
2023-08-25
Амжилт хүсье дүү минь, спортын зам хэзээ ч дардан тэгш биш шүү, янз бүрийн муу сайн юманд тэвчээртэй байгаарай
2023-08-25