Б.Долгор: Хүний наймаачинд 15 жилийн хорих ял оноохоор хуульчилсан

img

Хүний наймааны  гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг илрүүлж, хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр боловсруулсан хүн худалдаалах гэмт гэмт хэрэгтэй тэмцэх тухай  хуулийн төслийг саяхан  УИХ-аар баталсан билээ. Энэхүү  хуулийн төслийг боловсруулахад чиглэл өгч,  удирдан ажилласан  Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгортой уулзаж ярилцлаа. -Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг батлуулах болсон  зайлшгүй хэрэгцээ шаардлагын талаар яриагаа эхлэх үү? - Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, хохирогчийг хамгаалах, эрхийг нь хангах олон асуудал эрх зүйн зохицуулалт  өнөө үед шаардагдаж байгаа. Тиймээс Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо онцгой анхаарал тавьж улсын хэмжээнд судалгаа хийж, үндэсний чуулган зохион байгуулж, зөвлөж ярилцаад хүний наймаатай тэмцэх хууль зайлшгүй хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтдээ үндэслээд зохих судалгаа хийсний дүнд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх  хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг байгуулагдан  энэхүү хуулийн төсөл дээр ажилласаны дараа Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-аас уг хуулийн төслийг баталж гаргалаа. Тэгэхээр  тусгайлсан хууль баталсны ач холбогдол маш олон зүйлд тулгуурлаж байгаа юм. Урьд нь энэ төрлийн гэмт хэрэг эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар зохицуулагддаг байлаа. Тэр үед  энэ хэргээс урьдчилан сэргийлэх, бусад нарийн асуудлыг зохицуулахад маш хүнд байсан гэж хэлж болно. Зөвхөн  хүний наймаатай холбоотой бүртгэгдсэн гэмт хэрэг гарсан тохиолдолд түүнийг  шалгаж шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх хүрээнд л  шийдвэрлэнэ. Түүнээс бусад тохиолдолд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил маш дутмаг явж ирсэн. -Тусгайлан баталсан хуульд хүний наймааны  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар зүйлүүд тусгагдсан бэ? -Нэгдүгээрт,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талд нэлээд ач холбогдолтой хууль батлагдсан. Ялангуяа шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр хуульд нэлээд зүйлийг тусгаж өгсөн гэж ойлгож болно. Энэхүү хуулийн  төслийг боловсруулах явцад харахад хүний наймааны  гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөл нь монголчуудын хайхрамжгүй байдлаас үүдэн гарч байгаа нь судалгааны явцад харагдаж байсан л даа. Монголын охид эмэгтэйчүүд хэт хөнгөн замаар мөнгө олох, амар хялбар аргаар амьдрах сонирхолдоо хөтлөгдөн гэмт хэргийн золиос болж байна. Түүнээс гадна бага насны хүүхдүүд гэнэн цайлган байдлаасаа болж хохирч байгаа тохиолдол ч цөөнгүй.  Тийм учраас энэ төрлийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд олон зүйлийг зааж өгсөн. Тухайлбал  хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа зарын  цаана хүн худалдаалах гэмт хэргийн үндсэн нөхцөл нь агуулагдаж байдаг. Жишээ нь  “Гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна. Өндөр цалинтай ажилд оруулна” гэх мэтийн зарын  цаана энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч нар нуугдаж байх эрсдэлтэй. Тийм учраас  энэ шалтгаан нөхцөлд үндэслэсэн нэлээн олон зохицуулалтыг оруулж өглөө. Үүнд  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын иргэнтэй гэр бүл болохыг зуучлах,  зарыг нэвтрүүлэхийг шууд хориглосон. Хоёрдугаарт  хүн худалдаалах гэмт хэрэг агуулагдаж байж магадгүй гэсэн мэдээллийг явуулахгүй байх. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд  аливаа сэжиг бүхий  зүйл мэдвэл хууль хяналтын байгууллагад мэдээлж байх үүргийг тэдэнд  хүлээлгэж байна. Дээр нь энэ хуулиар хохирогчийг хамгаалах, эрхийг нь сэргээх чиглэлийг маш  тодорхой заасан. Өмнө нь хохирогч гэдэг нь зөвхөн  эрүүгийн хэрэг үүсээд хохирогчоор тогтоогдсон тохиолдолд л  хохирогч гэж үздэг байсан  бол “ Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”-иар бол заавал  хохирогчоор тогтоогдсон тохиолдолд гэж үзэлгүй  хүний наймааны золиос болж байгаа тохиолдолд шууд хохирогч гэж үзэн хамгаалтад авахаар хуульчилсан. Хохирсон эмэгтэйд бүх төрлийн халамжийн үйлчилгээг үзүүлнэ.  Хил дамнасан хүний наймаанд өртсөн хохирогчдод  тухайн улс оронд нь нутагтаа ирэх хүртэл  хүнс хоол, байр зэрэг зүйлээр хангаж өгнө. Түүнээс гадна бичиг баримтгүй бол баримт бичгийг нь тухайн улс оронд Монголоо төлөөлөн сууж байгаа  Элчин сайдын яамаар дамжуулан эх оронд нь буцаан авчирна гэсэн заалтыг тодорхой зааж өгсөн. Хохирогчийг эрүүл мэндийн, хуулийн бүх үйлчилгээнд хамруулж нөхөн төлбөр олгуулна гэж  нарийвчилж зааж өгсөн л дөө. -Хүний наймааны гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхэд учир дутагдалтай байгаа  нь баримтаас харагддаг л даа. Тухайлбал насанд хүрээгүй хүүхэд худалдсан  хэрэгтэн цөөн жилийн хорих ял сонсч байх жишээтэй. Шинээр мөрдөгдөх хуульд ялыг хэр хүндрүүлж өгсөн бэ? - Хүний наймааны хэргийг шийдвэрлэхэд нэлээд боломжууд бий болсон. Тухайлбал энэ хуулийг дагаад найман хуульд өөрчлөлт орж батлагдлаа. Үүнд  эрүүгийн байцаан шийтгэх хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай  хууль гээд нийт найман хуульд хэргийг  шалгаж шийдвэрлэхэд цагдаа тагнуулын байгууллагад  эрхийг нь нэмэгдүүлж өгсөн. Мөн хуулиар ял шийтгэж байгаа хариуцлагыг чангатгаж өгсөн. Өмнө нь бол маш хөнгөн хуулиар шийтгэдэг байлаа шүү дээ.  Торгууль төлөх хүртэл арга хэмжээ авдаг байсан бол  энэ хуульд торгуулийн ялыг бүр хасч өгсөн. Хүн худалдаалсан нь шүүхээр тогтоогдвол тухайн гэмт хэрэгтэнд хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөлийг нь харгазлан үзээд  3-15 жилийн хорих ял ногдуулж, эд хөрөнгө хураах ялыг давхар ногдуулахаар хуульд зааж өгснөөрөө онцлог. -Хүний наймаа ихтэй БНХАУ- тай манай улс эрхзүйн ямар харилцаатай ажиллаж байна вэ? -Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр БНХАУ болон  бусад улс оронтой олон улсын гэрээ хэлцлийн үндсэн дээр хамтарч ажилласаар ирсэн.  Үүний үр дүнд Макаотой манай   Засгийн газар эрхзүйн гэрээ байгуулж ажилласнаар  монгол охид эмэгтэйчүүд хүний наймааны золиос болж буй тохиолдол харьцангуй цөөрсөн гэж хэлж болно. Шинээр батлагдсан хүн худалдаалахтай тэмцэхэд ХЗДХЯ, ГХЯ-д тодорхой үүрэг хариуцлагыг хуулиар оноож өгсөн. Түүнчлэн тухайн улс оронд ажиллаж буй манай консулын газруудад өгөх үүргийг ч  хуульчилсан юм.  Тухайлбал гэмт хэргийн золиос  болсон эмэгтэйг тухайн улс оронд суугаа манай Элчин сайдын яамаар дамжуулан хэрэгцээтэй зүйлээр нь хангаж,  паспортыг нь авч өгч буцаах үүргийг  ч хүлээлгэхээр болж байна. -Энэ хуулиас харахад худалдагдсан, худалдсан хоёрын эрхийг хамгаалах, ял шийтгэл  оноох нь маш тодорхой болжээ. Сайн дураараа явж байгаад хохирогч болчихсон  эмэгтэйчүүд цөөнгүй бий. Тэднийг эх оронд нь яаж авчрах вэ? -Ялгаагүй, энэ хуулиар зохицуулна л даа. Хоёр орны гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ. -Монголын охид, эмэгтэйчүүд аль улс оронд олноороо биеэ үнэлж, гэмт хэргийн хохирогч болж байна вэ. Сүүлийн үеийн тоо баримт дурдаач? -БНХАУ-ын Эрээн, Бэээжин, Макаод  бий. Гэхдээ сүүлийн үед Макаод байх монгол эмэгтэйчүүдийн тоо эрс цөөрсөн л дөө. -Гэр бүл  зуучлалын товчоо гэсэн нэртэй хууль бус байгууллагууд олноороо үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр байгууллагад ямар хяналт тавих вэ? -Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай  хуулиар хийсэн зохицуулалт нь гадаадын иргэнтэй гэр бүл болох тухай зар мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэхгүй байх тухай заасан л даа. Гадаадын  улс оронд боловсрол, сургалт, зуучлалын үйл ажиллагааг  явуулах байгууллага хувь хүн заавал тусгай зөвшөөрөлтэй явуулна.  Энэ нь тодорхой хяналтад орж байна гэсэн үг. Энэ талын мэдээллийг иргэд сайн үзэж судлах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөлгүй байгууллагаар огт үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Иргэд бас хариуцлагатай байх хэрэгтэй байна. -Насанд хүрээгүй хүүхдүүд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж байгаа шалтгаан нөхцөлийг  судалгаанаас харвал? - Насанд хүрээгүй хүүхэддээ эцэг эхчүүдийн хариуцлага өндөр байх ёстой. Энэ хуульд төрийн байгууллага руу  чиглэсэн зүйлүүдийг нэлээд түлхүү орууллаа. Харин гэмт хэргийн золиос болохгүй байхад гэр бүлийн өөрийнх нь хариуцлага маш чухал. Эцэг эхчүүд маш өндөр хариуцлагатай байх хэрэгтэй байна. -Үрчлэгдсэн хүүхдийг гэмт хэргийн золиос болгож байна гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллээр цөөнгүй гардаг. Тэгэхээр үрчлэгдсэн хүүхдэд тавих хяналтыг энэ хуульд зааж өгсөн үү? -Хилээр хүүхэд авч гарч байгаа хүмүүсийн тухай мэдээллийг маш тодорхой болгох. Энэ тал дээр хилийн байгууллагад маш тодорхой үүргийг энэ хуульд зааж өгсөн л дөө. Гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдийн талаархи мэдээллийг элчин сайдын яамаараа дамжуулан жил бүр авах ёстой. Хүн худалдаалтай тэмцэх хуульд зааснаар нэн тэргүүнд хилийн байгууллагууд  хүүхэд хилээр гарахад маш нарийн мэдээлэлд тулгуурлаж ажиллахаар  болсон. Яг өнөөдрийн байдлаар хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдээд хүний наймааны золиос болсон хэрэг шүүхээр шийдэгдээгүй. Гэхдээ монголд үйл ажиллагаа явуулж буй ТББ-аас энэ тал дээр анхаарал хандуулах ёстой гэдгийг сануулж байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huuhdiin toloo gesen todotgoltoi gadaadiin toriin bus baiguullaguud hinii naimaanii hohirogch nartai yariltslaga hiij kino avaad mongo hiideg gesen surag baigaa shuu shalgaarai
2012-01-28
TANIIG IK KUNDELJ YAVDAG, BUTUUKEN BOLOBCH...
2012-01-26
dolgor zubluk uu, tand yavuulsan email zakidal kuseltiinkee hariug yah be... ta nar kuleen avlaa gej soyoltoi ch hanhahgui ni yamar uchirtai be... ug ni iim soyol ch buruu bish biz ee, ta kuulich kun shuu dee... yoszui jijig zuilees
2012-01-26
mash chuhal huuli baina.zalut etgeeduud gishgeh gazargui boljee
2012-01-26
Chuhal huuli
2012-01-26
yasan huurhun egch we
2012-01-26
medeelegch:
МАНАЙ БҮЛЭГ НАМУУДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-26