''ДОРОМЖЛОХ'' ЗААЛТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ШУРГУУЛЖЭЭ

"Доромжлох" заалтыг Эрүүгийн хуульд шургуулж, амь оруулна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан ноцтой заалтын талаар дуугарсан.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэр бүхий заалт дотор “доромжлох” агуулгыг оруулж иржээ.
-НҮБ-аас Монгол Улсын Эрүүгийн хууль, тогтоомжид байгаа эрүүгийн заалтад зарим төрлийн гэмт хэргүүд хамаарахгүй байгаа буюу бүрэн төгс үйлчилж, хангагдахгүй байгаа асуудлыг хөндсөн. Тухайлбал, мэдүүлэг, тайлбар авах буюу шүүн таслах үйл ажиллагаатай холбоогүйгээр хүний зорчих эрх хязаарлагдаж байгаа хэсгүүдэд хүнлэг бус хэрцгий хандах хандлага тогтмол гардаг. Үүнийгээ гэмт хэргийн нэг хэсэг гэж үзэн эрүүгийн хуулиар зохицуулах зөвлөмжийг удаа дараа өгсөн байдаг.
Тухайлбал хүүхдийн асрах төв, ахмад настныг асран хамгаалах төв, эсвэл цэрэг, түр саатуулах байр зэрэг газруудад магадгүй хүний ёсноос гадуур хандсан хүчирхийлэл гарах бололцоотой. Харамсалтай нь түүнийг зохицуулах хууль Монголд байхгүй учраас хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байдаг.
Засгийн газраас хуулийн төсөл боловсруулахдаа хүүхдийн асрамжийн газар эсвэл цэрэгт хүний алдар хүндийг гутаан доромжлох байдлаар харьцсан бол гэдгээр шургуулжээ. Гэтэл хүнлэг бус хэрцгийгээр хандах гэдэг ойлголт нь өөрөө алдар хүндтэй холбоотой зүйл огт биш.
Жишээ нь хоол өгөхгүйгээр тарчлаах, бие засуулахгүй шаналгах, эсвэл олон хоногоор унтуулахгүй дарамтлах асуудал алдар хүндийг гутаан доромжлохоос тэс өөр зүйл шүү дээ. Тэгэхээр хуульд хүнлэг бус хэрцгий хандах гэдэг агуулгыг оруулж ирэхдээ уламжлалт байдлаар буюу хуулийн бичиглэлийг шууд уншаад ойлгоход гутаан доромжлох гэдэг байдлаар биччхэж. Энэ НҮБ-аас шаардаад байгаа эрүү шүүлтийн гэмт хэргийг зөв тодорхойлох биш доромжлох гэдэг гэмт хэргийн хэлбэрээр бичсэн байгаа нь зохимжгүй зүйл.
Хуульд тусгахдаа үйлдэгдэж байгаа газар, байршил нь хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан орон зайг хамарч байгаа ч магадгүй дараа нь нэг зүйл өөрчлөгдөхөд социализмын үед үйлчилж байсан доромжлох гэдэг агуулга эрүүгийн хуульд амилах нөхцөлийг үүсгэх эрсдэлтэй.
Түүнээс биш уг хуулийн зохицуулалтын үндсэн гол зорилго нь эрүү шүүлтийн гэмт хэргийн ангилалд хамаардаггүй байсан буюу дутуу зохицуулалттай байсан хуулийн заалтыг илүү тодорхой болгож өргөжүүлэх тухай байсан. Гэхдээ төслийг хэлэлцүүлэх явцад энэ заалтыг анхаарч, эргэж харж засварлах байх гэж найдаж байна гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ