Метроны тендерт ''Макс'' группийн хоёр компани санал өгчээ

2024 оны аравдугаар сарын 03-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн бүтээн байгуулалтын ажил” нэртэй тендер шалгаруулалт зарласан.
Тендерийн эхний үе шатны төсөвт өртөг дөрвөн их наяд 548 тэрбум төгрөг. Үүнээс 2025 онд 133 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ. Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх 181 тэрбум 935 саяын төсөвт өртөгтэй тендерт БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd шалгарсан бөгөөд үүнээс 2024 онд 54 тэрбум 580 сая төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан юм.
Хоёр үе шаттай уг төслийн нийт төсөвт өртөг 8 их наяд 174 тэрбум төгрөг. Тэгвэл метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ. Тодруулбал Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад гэсэн долоон улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Эдгээрээс манай улсаас гурван компани тендерт өрсөлдөж буй.
Нэг. ''Арж Капитал'' ХХК
“Арж капитал” ХХК нь хатуу болон хайрган хучилттай авто зам, төмөр бетон гүүр барих, засварлах болон техник түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа 21 дэх жилдээ явуулж байна.
Энэ хугацаанд нийт 600 гаруй км хайрган болон хатуу хучилттай авто зам, 453 урт метр төмөр бетон гүүр, ойролцоогоор 5000 гаруй урт метр хиймэл байгууламж барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Хоёр. ''Максрөүд'' ХХК буюу Макс групп
Макс Групп нь анх 1992 онд импортын болон худалдаа, үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Харин одоо 16 охин болон хараат, хөрөнгө оруулалттай компаниар өргөжин тэлж, бизнесийн салбарт томоохон байр суурь эзлээд буй.
Байгууллагын бүтцийн хувьд Худалдаа, Аялал жуулчлал, Сүү, Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Дэд бүтэц, барилга угсралт, Уул уурхай, хүнд үйлдвэрлэл гэсэн бизнесийн чиглэлүүдээр бүхий л талбарт нийт 4,500 ажилтан бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтуудыг өрнүүлэн ажиллаж байна.
Дээрх хоёр компани хамтран ажилладаг буюу холбоо хамаарал бүхий байна. Тодруулбал "Максрөүд", "Арж капитал" компанийг Ч.Батбаяр удирддаг аж. “Арж Капитал” ХХК болон “Макс Рөүд” ХХК нь нэгдэж, 17 үйлдвэртэйгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын EXIM банк, Монгол Улсын хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шалгуурыг хангаж бүс нутгийг болон орон нутгийг холбох зам, хүнд даацын ачаа тээврийн зам, хурдны зам, төмөр бетон гүүр, ус зайлуулах хиймэл байгууламжийн төслүүдийг хийж гүйцэтгэсэн юм байна.
Гурав. ''Авангард Уран Дизайн энд Инженеринг'' ХХК
Тус компани 2021 онд байгуулагджээ. Эзэмшигч нь Н.Билгүүн гэх хүн бүртгэлтэй байна. Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК нь
- Хүнд машин механизмын худалдаа
- Мод, бут, сөөг тариалах
- Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа
- Бизнесийн зөвлөгөө өгөх
- Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- Цэцэрлэгжүүлэлт гэсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ