"Алт-3’’ Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын эдийн засаг алтны ханшийн түүхэн оргил үед шинэ боломж, шинэ сорилттой зэрэгцэн алхаж байна. Олон улсын зах зээлд нэг унц алт 3 мянган ам.доллар давсан энэ үед Монгол Улс ‘’Алт-3’’ аян хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь санамсаргүй алхам биш. Эдийн засгийн бодит нөхцөл байдал, геополитикийн тодорхой бус орчин, дэлхийн мөнгөний бодлогын савалгаанд алт стратегийн гол нөөц хэмээн дахин үнэлэгдэж буй энэ үед Монгол ч бас алтны зүг харж байна.
Монгол Улс 1990-ээд оноос хойш алтны олборлолтын эдийн засгийн амь тариа болж байв. Алт-1 хөтөлбөр /1992-2000/ нь Монголбанк алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны сувгаар хөгжүүлж, гадаад валютын нөөц бүрдүүлэх үндсэн зорилготой байв. Үүний дараа Алт-2 /2000-2005/ хөтөлбөр нь олборлогчдод дэмжлэг үзүүлж, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг зорьсон. Эдгээр хөтөлбөрийн үр дүнд 2000 он гэхэд Монголбанкны жилд худалдан авдаг алт 14 тоннд хүрч, гадаад валютын нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэн байдаг.
Алтны үнэ өссөн нь боломж уу, сорилт уу?
Өнөөдөр нэг грамм алтны үнэ дотоодын зах зээлд 370 мянгаас 380 мянган төгрөгт хүрч, нэг кг алт 370 саяас 380 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ бол манай эдийн засагт орлого нэмэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ховор боломж. Монголбанк л алтыг төгрөгөөр худалдан авдаг цорын ганц институци гэдгийг бодолцвол Алт-3 хөтөлбөрийн стратегийн ач холбогдол чухал юм.
Алт-3 аяны гол зорилго
Алтны олборлолтыг нэмэгдүүлэх
Алтны албан нөөцийг бүрдүүлэх
Валютын нөөцийг өсгөх
Эдийн засгийн хүндрэлийг зөөллөх
Гэхдээ энэ удаа тооны хойноос бус чанарын өсөлтөд анхаарна. Учир нь Монголд өнөөдрийн байдлаар 560 гаруй алтны лиценз бий ч үүний 85 хувь нь шороон орд. Түүхэндээ эдгээрээс олборлогдож буй алтны хэмжээ нийт олборлолтын 15 хувийг л эзэлдэг. Харин үндсэн ордны олборлолт хууль эрх зүйн төвөгтэй нөхцөл, УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаардаг учир хангалттай ахиц гараагүй байна.
Олон улсын төв банкуудын алт худалдан авалт 2024 онд түүхэн дээд түвшинд хүрсэн. Геополитикийн эрсдэл, АНУ-ын хүүгийн бодлого, ам.долларын инфляц зэрэг хүчин зүйлс алтны ханшийг тэнгэрт хадааж, аюулгүй хөрөнгө хэмээн дахин үнэлэгдэхэд хүргэж байна. Энэ нөхцөлд Монгол Улс Алт -3 аянаар дамжуулан алтны нөөцөө нэмэгдүүлж, эдийн засгийн зөөлөвч үүсгэх боломжтой. Эцэст нь түүхэн дээд үнэд хүрсэн алт Монголын гарт байгаа бол түүнээс хүртэх үр шим ч мөн Монголын ирээдүйд наалдах ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ