У.Хүрэлсүхийн сүүдэр парламентын танхимд

Саяхны УИХ-ын ээлжит бус хуралдаан Монголын ардчиллын тулгуур болсон институц хоорондын харилцаанд томоохон өөрчлөлтийн дохио өгөв. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд оролцож, шууд болон шууд бусаар парламентын үйл ажиллагаанд нөлөөлсөн нь улстөрийн хүрээнд эргэлзээ, түгшүүр үүсгээд байна.
УИХ бол ард түмний сонгосон төлөөлөгчийн байгууллага. Харин Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг. Гэсэн ч Ерөнхийлөгчийн УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирсэн байдал, гаргасан мессежүүд нь дээрх тэнцвэрийг алдагдуулах шинжтэй байлаа. Улстөрийн шинжээчдийн үзэж буйгаар энэ алхам бол Ерөнхийлөгчийн засаглал руу хазайсан бодит үйлдэл гэж харж болохоор байв.
Хамгийн анхаарал татсан нь Ерөнхийлөгчийн илэрхийлэл болон биеэ авч яваа байдал нь зарим гишүүдэд дарамт, шахалт мэт туссан явдал. Төрийн ордны танхимд илт мэдрэгдсэн дарамтын уур амьсгал нь зарим гишүүний итгэл үнэмшилд шууд нөлөөлсөн гэх шүүмжлэл дагуулсан. Үүний тод жишээ бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаясгалангийн мэдэгдэл юм. Тэрээр Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, парламентын бүрэн эрхэд халдсан гэж үзэж огцруулах асуудлыг хөндсөн нь улстөрийн хүрээнд шинэ тулааны эхлэлийг тавив.
Институцийн хямрал дагуулж мэднэ
Ерөнхийлөгчийн хэт давамгай байр суурь нь УИХ-ын гишүүдийн хараат бус байдал, шийдвэр гаргах чөлөөт байдлыг боомилж, Үндсэн хуулийн үзэл санаанаас хазайх аюул дагуулж буй. Энэ нь ирээдүйд парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улстөрийн институцийн тэнцвэрийг алдагдуулах магадлалтай.
Ерөнхийлөгчийн эсрэг улс төрийн шинэ фронт нээгдэнэ
Ж.Мөнхбаясгалан гишүүний байр суурь ганц хүний дуу хоолой мэт боловч түүний ард түүнтэй санал нэгтэй олон гишүүд болон улс төрийн намууд байж болохыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл улс төрийн орчинд ганц хүний зоригтой мэдэгдэл, шүүмжлэл цаанаа өргөн хүрээний дэмжлэг, эсвэл зохион байгуулалттай байр суурийн илэрхийлэл байх тохиолдол олон байдаг. Иймэрхүү илэрхийлэл нь зарим тохиолдолд олны өмнө гарч чадахгүй байгаа дуу хоолойг дамжуулах, эхний алхам болох үүрэг гүйцэтгэдэг.
Түүний шүүмжлэл нь Ерөнхийлөгчийн институц руу чиглэж буй учраас улстөрийн хяналт, тэнцвэрийг сэргээх боломжийн тухай асуудал хөндөгдөж байна. Монгол Улсын ардчилсан тогтолцоонд эрх мэдэл хоорондын хяналт, тэнцвэр маш чухал зарчим юм. Хэрэв төрийн дээд байгууллагуудыг хянаж, үнэлж дүгнэх улс төрийн механизм сулрах юм бол нэг талын давамгайлал бий болж, ардчиллын зарчим алдагдана. Тиймээс ийм байр суурь илэрхийлж байгаа нь зөвхөн тухайн хүний үзэл бодол бус, улс төрийн тэнцвэрийг хадгалах оролдлого гэж ойлгогдож болох юм.
Төрийн гурван өндөрлөгийн тэнцвэртэй харилцаа нь олон нийтэд итгэл төрүүлдэг. Харин хэт нэг тал руу нугарсан, хүчний тэнцвэргүй байдал нь ард иргэдийн дунд бухимдал үүсгэж, нийгмийн зөрчил эрчимжих эрсдэл рүү түлхэж мэдэх юм. Ийм нөхцөлд ирэх сонгуулийн үр дүнд гэнэтийн өөрчлөлт гарч мэднэ.
Эцэст нь хэлэхэд...
Монголын ардчилал өнөөдөр институцийн сорилттой нүүр тулгарав. Ерөнхийлөгчийн байр суурь улам хүчтэй болсоор байгаа энэ нөхцөлд парламентын гишүүд зөвхөн нэр төдий төлөөлөгчид болохвы гэх болгоомжлол бодитой байна. Хэрэв энэ үйл явдал дахин давтагдвал Монгол Улс парламентын засаглалтай гэж нэрлэгдэх ч бодитоор бол төвлөрсөн удирдлагын шинэ дэглэм рүү хальтирч эхэлж мэдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ