800 мянган төгрөг хүртэлх цалингаас татвар авахгүй

Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг санаачилж, эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд багагүй анхаарчээ. Энэ удаа эдийн засагт хамгийн хүчтэй нөлөөлдөг, иргэн бүрийн орлого, худалдан авалттай шууд холбоотой татварын багц хуульд томоохон өөрчлөлт хийх гэж байна.
Шинэчлэлийн хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас бүрэн чөлөөлөх болсноор, тухайн худалдан авалтад 10 хувь нэмэгдэж тооцогддог татвар бүрэн тэглэгдэнэ гэсэн үг.
“Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянга хүртэлх худалдан авалтын 50 хувь, 800 мянган төгрөгөөс дээших худалдан авалтын 20 хувийг НӨАТ-аас хөнгөлөгдөнө. Энэ нь 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөхөөр, худалдан авалт хийж байгаа иргэдийн 51 хувь нь бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Нийт иргэдийн 50-100 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө"
Жишээлбэл, таван ам бүлтэй өрх 2.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд өрхийн гишүүн бүрт худалдан авалтыг хуваавал тус бүрт нь 500 мянган төгрөг ногдох тул тухайн гэр бүл НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөх боломж бүрдэнэ гэж ойлгуулав.
Иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйл бол цалингаас хасагддаг татвар. Харин шинэ татварын өөрчлөлтөөр сарын 800 мянган төгрөг хүртэлх орлоготой хөдөлмөр эрхлэгчид 100 хувь татвараас чөлөөлөгдөх боллоо. Монголд хөдөлмөр эрхэлдэг нийт иргэдийн 45 хувь нь энэ шинэчлэлд хамрагдана.
Өөрөөр хэлбэл, 1 сая төгрөгийн цалинтай иргэн 800 мянган төгрөгтөө татвар төлөхгүй, зөвхөн үлдсэн 200 мянган төгрөгтөө татвар төлнө. Энэ бол орлого багатай дундаж давхаргын иргэдийн санхүүд шууд бодит нэмэр болох тэгш хүртээмжтэй шийдэл юм.
Бизнес эрхлэгчдийн боломж тэлнэ
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд ч татварын дарамт анхаарал татсаар ирсэн. Харин энэ удаагийн багц өөрчлөлтөөр хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, иргэдийг албажуулсан, шударга тогтолцоонд хамруулах шинэ боломжоор хангаж байна.
Энэ нь бизнес эрхлэгчдийг ил тод байдалд урамшуулан татахын сацуу, жижиг бизнесүүд татварын хөнгөлөлт эдэлж, тайлангаа хялбаршуулсан горимоор өгөх боломжтой болно. Хууль ёсны хүрээнд өсч хөгжих үндэс суурь нь тавигдаж байна гэсэн үг.
Энэ бол зүгээр нэг татварын хуульд өөрчлөлт оруулсан биш, нийт иргэдийн амьжиргаа, хэрэглээ, бизнесийн орчныг бодитоор сайжруулах зорилготой томоохон эдийн засгийн шинэчлэл юм. Өрх бүрийн халаасанд бодит урамшуулал болон очих энэ төрлийн өөрчлөлт нь хэн ч анзааралгүй өнгөрөхөөргүй, өргөн цар хүрээг хамарсан, нийгмийн сэтгэл зүйг эерэгээр өөрчлөх хөшүүрэг болж байна.
Иргэд цалингаасаа хасуулдаг татварын дарамтаас багахан ч болов ангижирна, хэрэглээний татвар буурна, бизнес эрхлэгчид тайлангаа хялбар өгч, хөнгөлөлт эдэлнэ, эдгээр нь нийлээд Монголын эдийн засагт итгэл төрүүлэх, тогтвортой өсөлтийн шинэ хуудас эхэлнэ гэж харж болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ