МАН-ын ''муу ёрын'' чимээ

2025 он Монголын улс төрд ээлжит эргэлтийн он жил нь болох нь. Гэхдээ энэ удаагийн өөрчлөлт ард түмний хүсэл, итгэлийн илэрхийлэл огт биш, харин эрх мэдэлд ‘’донтсон’’ фракцуудын халз тулааны гороор төрийн тогтвортой байдлыг ганхуулж мэдэх эрсдэл дагуулж буй явдал.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ огцорч, төрийн жолоо эзгүйрч, МАН дараагийн Ерөнхий сайдыг тодруулахын тулд толгойгоо гашилгаж, өөр хоорондоо жийлцэж сууна. Гэвч асуудал ганц хүнээ солих тухай бус харин эрх баригч намын дотоод хуваагдал, хяналтгүй өссөн фракцийн ашиг сонирхол хэтэрхий том болсны дохио болж буй.
Хүчний тэнцвэр алдагдсан МАН...
Л.Оюун-Эрдэнэ намынхаа шинэчлэл, авлигын эсрэг тууштай тэмцэнэ гэсэн имижээр сүүлийн хэдэн жил улстөрийн тавцанд оршсон ч эдийн засгийн бодит хямрал, нүүрсний хэрэг, төрийн хариуцлагын систем доройтож, шинэ үеийн лидер хэмээх имиж нь ул болсон. Үнэндээ түүнийг албан тушаалаа өгөхөд хүргэсэн нь хүүгийнх нь ‘’тэнэг тансаглал’’ бус нам доторхи итгэлцэл алдагдаж, хуваагдал нь эрчимжсэн нь гол шалтгаан болсон гэхэд нэг их хол зөрөхгүй.
Тэрээр огцрохдоо ч ‘’хөөрхийлөлтэй нэгдмэл’’ намдаа бас нэгэн бөмбөг тэслэв. Өөрийн үеэл, хотын мээр, сүүдэр мэт Х.Нямбаатарыгаа дараагийн Ерөнхий сайдын суудалд зүтгүүлэх оролдлого хийж буй тухай эх сурвалжууд шаагилдаж байна. Хэрвээ энэ үнэн бол Ерөнхий сайдын албыг өөрийн хүний гарт үлдээх гэсэн ээлжит фракцын тохироо болж хувирах нь тодорхой.
Харин нөгөө талд төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн зүгээс тус намын хуучин гишүүд, илүү институцийн туршлагатай, ‘’өөрийн нууц ноёд’’-оос Я.Содбаатар, Г.Занданшатар нарыг дэмжиж байгаа гэх яриа төрийн ордонд чих дэлсэж буй. Г.Занданшатар ч өөрөө нам доторх байр сууриа хадгалах, магадгүй Ерөнхийлөгчийн дараагийн хүн болох алхмаа ингэж эхлүүлж ч мэднэ.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сүүлийн үед Засгийн газрыг бодлогоор удирдаж буй С.Амарсайханыг нэр дэвшүүлэх санаархалтай яваа гэх баттай бус мэдээлэл нь МАН-ын фракцууд гагцхүү ‘’хэний хүн Ерөнхий сайд болох вэ’’ гэдэг асуудлаар өөр хоорондоо тулаад буйг батална.
МАН-ын хямрал...
Улс төрийн нам нь улс орныг удирдах уураг тархи нь байх учиртай гэж нэгэн цагт Г.Занданшатар хэлж байв. Харин МАН гэдэг улстөрийн институц өнөөдөр улс орныг удирдах чадамжтай, нэгдмэл бодлогот байгууллага байхаа больж, сүүдэр фракц, хувийн эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн талцсан бүлэглэл болон хэдийнэ хувирчээ.
Нэгдсэн бодлогын хомсдол, институцийн зохион байгуулалт алдагдсан, намын дотоод ардчилалгүй энэ намын дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудал улс орны ирээдүйг тодорхойлох бус МАН-ын эрх мэдлийн хуваарилалт, хүчний тэнцвэрийг яаж тохируулах вэ гэдэг улс төрийн наймааны нэг хэсэг болоод байна. Өнөөдрийн энэ эмх замбараагүй байдал нь жирийн иргэдийн нүдэнд зүгээр нэг намын дотоод маргаан мэт харагдаж магадгүй. Гэвч эрх баригч нам төрийн бүх институцийг бүрэн хянаж буй энэ цаг үед Ерөнхий сайдын асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нь зөвхөн улстөрийн хямрал биш, төрийн удирдлагын систем гацаж, хөгжлийнн бодлого саармагжих , нийгмийн итгэл үнэмшил задрах эрсдэл дагуулна. Улстөрийн нам гэдэг төрийн бодлогыг төлөвлөх, төрийн тогтвортой байдлыг хангах механизм. Гэтэл МАН энэ үүргээ бүрэн гээж, хувь хүний амбиц, бүлэглэлийн эрх ашгийн платформ болон хувирчээ.
Эцэст нь Монгол төрд удирдагч хэрэгтэй болохоос, өөрийн хүнийг зүтгүүлдэг бүлэглэлүүд хэрэггүй. Монгол Улсад Ерөнхий сайд хэрэгтэй болохоос ‘’дараагийн хүн хэн бэ’’ гэх зөрчил биш. Хэрэвзээ МАН энэ замаараа үргэлжилбэл ирэх сонгуульд зөвхөн эрх мэдлээ алдах бус олон жилийн турш хуримтлуулсан институцийн нэр хүндээ бүрмөсөн сүйрүүлэх замдаа орж байна. Иргэд тэнэг биш, хэрсүүжиж байна. Харж байна. Хүлээж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ