Хүлээлт: Цомхон, мэргэшсэн Засгийн газар

Монголын улстөрийн амьдрал шинэ эргэлтийн эхлэл дээрээ тулж ирээд буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хайр ивээлээс хөсөр хаягдсан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцорч, МАН-ын УЗ бага хурлаа зарлаж, шинэ Ерөнхий сайдаа тодруулах гэж буй. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэж хүн дээр төвлөрөхөөсөө илүү Засгийн газар ямар сорилтын өмнө тулж ирээд буйд анхаарал хандуулах хэрэгтэйг МАН-ын УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар хөндөв. Тиймдээ ч Монголын эдийн засгийн ирээдүйг чиглүүлэх дараагийн Засгийн газрын шинж чанар, философи ямар байх вэ гэсэн том асуудал босож ирээд байна.
Манай Улсын эдийн засаг нүүрс, зэсийн экспортын орлогоос бүрэн хамааралтай хэвээр. Гэтэл гадаад худалдааны тэнцэл нь 800 орчим сая ам.долларын алдагдалтай, валютын ханшийн савалгаа, инфляц өндөр хэвээр. Төсвийн алдагдал өндөр, өрийн хэмжээ нэмэгдсэн зэрэг нь популист шийдлээс ангид бодлогын шаардлагыг улам бүр нэхсээр байна.
Фракцуудын шахалт, улс төрийн “шинэ тэнцвэр”
МАН-ын фракцууд шинэ Ерөнхий сайдыг тодруулах асуудлаар эрчимтэй шахалт үзүүлж эхлээд буй. Нэг хэсэг нь бизнесийн суурьтай, нөгөө нь хууль, батлан хамгаалах чиглэлийн нэр дэвшигчийг дэмжиж буй. Гэхдээ сонголт зөвхөн намын дотоод эрх мэдлийн харьцааг бус, улс орны эдийн засгийн луужинг хэн атгах вэ гэдэгт төвлөрөх шаардлагатай болжээ.
Цомхон гэхдээ мэргэшсэн...
2008 онд Ирландын Засгийн газрыг 11 жил тэргүүлсэн Ерөнхий сайд Берти Ахарн санхүүгийн хямралын үеэр огцорсноор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ эрс цомхотгож, бодлогын уялдаа, хурд, хариуцлагыг гол үзүүлэлтээ болгож байв.
Манайд ч ийм зарчим хэрэгтэй. 16 яам, 25 агентлаг, давхардсан чиг үүрэгтэй, хариуцлага нь бүдэгхэн Засгийн газар эдийн засгийн хямралыг давж гарахад биш, улам бүр шалбаагт шигдэх эрсдэл бий. Тиймээс шинэ Ерөнхий сайд цомхон бүтэцтэй, эрсдэл тооцож, эдийн засгийн өгөгдөлд тулгуурласан зарчим баримталж ажиллах учиртай цаг үетэй тулж ирээд буй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхэн үедээ шинэчлэлд чиглэсэн зарим зоримог алхмыг эхлүүлсэн. Тухайлбал 5Ш ажиллагаа, төрийн хэмнэлт, нүүрсний хулгайн эсрэг ажиллах гэж оролдсон ч хэрэгжилт нь маруухан болж эцэстээ замхарч үлгэр болсон нь худлаа биш. Тиймдээ ч үр дүнд нь олон нийтийн хийгээд нам доторх итгэл хөсөрдөж фракцуудынхаа дэмжлэгийг алдсан.
Эрх баригч МАН фракц хоорондоо толхилцож хэн нь дийлэхээ үзэх биш улс төр ба эдийн засгийн стратеги уялдаатай байх шаардлагатай цаг үе дээр ирээд байна. Өөрөөр хэлбэл шинэ Засгийн газар бол фракц хоорондыг тааруулсан эвлүүлэг бус эрсдэл даах, бодлогын хатуу уялдаатай, цомхон бүтэцтэй, хариуцлагатай менежементийн Засгийн газар байх ёстой. Ингэж чадвал Монгол Улс ирэх онуудад хөрөнгө оруулалтаа татах, эдийн засгаа сэргээх боломжийнхоо үүд хаалгыг нээнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ