''30''-ын дарамт ба Г.Занданшатарын сонголт

Өнөөдөр Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа бүрэлдэхүүнийг олон нийтэд танилцуулна. “Цомхон, ухаалаг төр” гэсэн тунхаглалын ард улс төрийн гүн гүнзгий тохиролцоо, дарамт шахалт, Үндсэн хуулийн заалтад тулсан хүлээлт өрнөж буйг өнгөрсөн хэдэн хоногийн улс төрийн мэдээлэл, дохио зангаа тодорхой харуулж байна.
Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт хэмнэлтийн төсвийн тодотгол оруулахаа зарласан. Энэ нь зөвхөн эдийн засгийн гэхээс илүүтэй улс төрийн мессеж. Шинэ Ерөнхий сайд “өргүй, хариуцлагатай, ухаалаг төр” байгуулна хэмээж буй ч түүний энэ хичээл зүтгэл парламент дахь олонхын зөрчилтэй тулгарч буй.
Улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татаж буй нь Г.Занданшатарын танхимд өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нарыг үргэлжлүүлэн авч үлдэх тухай яриа. Энэ нь парламентын олонхын дотор хуваагдал үүсгэж, МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Тэд “хуучин танхимын гишүүдийг дахин томилохгүй байхыг шаардаж, шаардлага нь Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчив.
Үндсэн хуулийн 39-р зүйлийн 3-т: “Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, танхимын бүрэлдэхүүнд хэнийг ажиллуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гишүүд нөлөөлөл үзүүлэх, шаардлага хүргүүлэх замаар энэ үйл ажиллагаанд хэт оролцох нь эрх мэдэл хуваарилах Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулах эрсдэлтэй.
Ерөнхий сайдын улс төрийн "туршлага"
Г.Занданшатарын хувьд Монголын улс төрийн тогтолцоонд нөлөө бүхий, парламентын дотоод ажиллагааг гүн гүнзгий мэддэг туршлагатай гэж үнэлэгдэж буй. Тэр ҮХНӨ-ийг удирдан хийж, УИХ-ын даргын хувиар төрийн институциудын хоорондын харилцаа, хяналт тэнцлийг сайн ойлгодог улстөрч. Ийм нөхцөлд түүний томилгоо “улстөрийн соёлтой” хийгдэх боловч нэг талаас Үндсэн хуульд тулгуурласан шийдэл байх нь ойлгомжтой.
Гэсэн хэдий ч шинэ Ерөнхий сайдын өмнө хоёр сорилт тулгарна.
- Нийгмийн зүгээс хүлээлт – Төсвийн хэт тэлэлт, хариуцлагагүйн асуудалд хатуу байр суурь илэрхийлэх, “шинэ төр” байгуулж чадсан мэт итгэл төрүүлэх.
- Парламент дахь олонхын хяналт – Намаас нь гарч буй эсэргүүцэл, шаардлагаас зайлсхийж чадахгүй. Энэ нь түүний танхимын бүрэлдэхүүнд ил тод нөлөө үзүүлнэ.
Танхимын залгамж чанар vs шинэчлэл
Одоо хамгийн чухал асуулт бол Г.Занданшатар “залгамж чанар”-ыг баримтлах уу, эсвэл “цэвэр шинэчлэл”-ийг хийх үү? Хариулт нь магадгүй хоёрын дунд тэнцвэр хайсан хувилбар байх болов уу. Зарим салбарын сайд нар тухайлбал, олон улсын гэрээ хэлцэлтэй, том төсөл хөтөлбөр үргэлжлүүлж буй яамдын удирдлагууд улиран ажиллах магадлалтай. Яахав үүниг өмнөх засгийн залгамж, үргэлжлэл бас хариуцлага гэж харж болно. Гэсэн ч улс төрийн бодлогын салбарт, ялангуяа МАН-ын дотоод хуваагдалтай салбарууд дээр илэрхий өөрчлөлт хийхийг оролдох нь Г.Занданшатарт “өөрийн засаг”-аа тодорхойлох алхам болох биз.
Г.Занданшатарын Засгийн газар зөвхөн бүтэц, бүрэлдэхүүнээрээ биш, Үндсэн хуулийн хүрээн дэх институцийн хүндлэл, нам доторх ардчилал, олон нийтийн итгэлийг дахин сэргээх бодлогоор үнэлэгдэх болно. Түүний танилцуулах шинэ танхим нь МАН доторх эв нэгдэл, Үндсэн хуулийн зарчим, улстөрийн соёл гэсэн гурван хүчин зүйлийн огтлолцол дээр босох ёстой болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ