Төсвийн таналтаар дарга ангийг ''онилно''

img

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын анхны хуралдаанаа хийж, 2025 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай хэмээгээд буй. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсөвт тодотгол хийнэ. Харин энэ хүртэлх хугацаанд Засгийн газрын гишүүд төсөвтэйгөө танилцаж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, улсын төсвийн алдагдал энэ оны эцэст 2.3 их наяд төгрөгт хүрэх эрсдэлтэй байна. Үүний 534 тэрбум төгрөг нь хуульд заасан шалтгаанаар бий болсон бол үлдсэн 1.8 их наяд төгрөг нь шууд урсгал зардлын хэтрэлтээс үүдэлтэй аж.

 

Иймд Засгийн газар төсвийн тодотголд төрийн бүтцийг хөндөх замаар хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, төрийн албан хаагчдын тоог 9 хувь буюу 14 мянгаар бууруулах, хэд хэдэн агентлагийг нэгтгэх, заримыг нь татан буулгах шийдвэр яригдаж байгаа юм. Эмч, багш нар энэхүү цомхотголд хамаарахгүй, бүр тодруулбал дарга анги руу чиглэнэ.

Данхайсан төр, давхар бүтэц

Төсвийн алдагдлын уг үндэс нь эдийн засгийн гадаад нөхцөл байдал гэхээсээ илүү дотоодын бүтцийн доголдолд оршиж байна. Хэт давхардсан, үргүй зардал өндөртэй төрийн байгууллагууд, дарга удирдах дарга нарын давхар бүтэц, цалин хангамж, урамшуулал, албан унаа, бичиг хэргийн зардал зэргээс үүдэлтэй урсгал зардал төсвийн 70 гаруй хувийг эзэлдэг. Энэ бол алдагдлыг өөрөө ургуулж буй системийн алдаа.

Засгийн газар “танана” гэж хэлж байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг тооны таналт биш, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бүтцийг оновчтой болгох реформын эхлэл байх ёстой. Төрөөс татгалзах биш, харин зөв төр рүү шилжих алхам болох хүлээлт бодитоор үүсээд буй.

Жишээлбэл, агентлаг нэгтгэх нь зөвхөн зардлыг хэмнэх бус, давхардсан чиг үүргийг цэгцлэх, хариуцлагыг нэгтгэх ач холбогдолтой. Харин үүнийг улс төрийн тохироо, “албан тушаалын наймаа”-гаар биш, бодит өгөгдөлд суурилсан судалгаа, бүтцийн шинжилгээгээр хийх нь чухал.

  1. Алдагдал бодитоор буурсан байх
    Хэрвээ 1.8 их наядын таналт хийгээд ч алдагдал хэвээр байвал энэ бол зөвхөн “цаасан дээрх таналт” болно.
  2. Төрийн үр ашиг нэмэгдсэн байх
    Албан хаагч багассан ч төрийн үйлчилгээ тасалдаагүй, харин ч илүү шуурхай, ил тод болсон бол тодотгол үр дүнтэй байна гэсэн үг.
  3. Нийгмийн эмзэг бүлэг хамгаалагдсан байх
    Эмч, багш нар шиг нэн чухал салбарын ажил force-оор хасагдаагүй, харин ч дэмжигдсэн бол засгийн реформ зөв чиглэл рүү явж байна гэсэн үг.

Дүгнэж хэлэхэд, энэ удаагийн төсвийн тодотгол бол ээлжит “хэмнэлт” биш, харин төрийн реформын эхлэл байх ёстой. Уул нь засаг төр хүнд үед иргэдээс илүү хариуцлага хүлээдэг байх учиртай. Төсөв танах нь зөв, гэхдээ зөвхөн хэмнэх биш, шинэчлэхийн төлөө хийвэл үр дүнтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шууд ТАХ-г 30% бууруул, жил бүр хас, цахимд шилжүүл
2025-06-19