Өвөлжилтийн өмнө малаа зах зээлд гаргаж эхэллээ

img

 

Өвөлжилтийн эрсдэлтэй бүс нутгуудад бэлтгэл хангаж байна

2025–2026 оны өвөл, хаврын улиралд хүндрэл үүсэх эрсдэл өндөр байгааг Онцгой комиссоос анхааруулж, орон нутгийн удирдлагууд, малчин өрхүүдэд өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалжээ. Гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумаас 25 нь маш их, 54 нь их, 130 нь дунд, 129 нь бага, хоёр сум маш бага эрсдэлтэйд тооцогдсон байна.

Баруун бүсийн аймгууд өвс тэжээл бэлтгэж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулан, мах бэлтгэх ажлыг эхлүүлээд байна. Жишээлбэл, Увс аймагт энэ өвөл 2.7 сая мал өвөлжих төлөвтэй бөгөөд нийт малын 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болжээ. Тус аймаг одоогийн байдлаар 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгээд байна.

Харин Ховд аймаг 6.3 сая толгой мал өвөлжүүлэхээр төлөвлөж, 60.8 мянган тн өвс, 3,270 тн тэжээл, 6,790 тн хужир шүү бэлтгэх зорилт тавьсан бөгөөд 500 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

Мөн Завхан, Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгууд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 450 тн өвс, 45 тн хивэг, 5 тн хорголжин тэжээл худалдан авахаар захиалга өгчээ.

Түүнчлэн, ургац хураалт үргэлжилж байгаа ба аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 140.2 мянган га-гаас 151.4 мянган тн үр тариа хураан авчээ. Үүнээс 147.5 мянган тн нь улаан буудай байна. Мөн 63.5 мянган тн төмс, 95.1 мянган тн хүнсний ногоо, 69.6 мянган тн тэжээлийн ургамал хураан авсан дүнтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ