
Баянгол дүүргийн прокурорын газар Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 01 тоот албан даалгавар болон Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 тоот тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-т Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 тоот тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг прокурорын хяналтын ажилд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 оны 01-р сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Үүнд: 1. Хяналтын прокурор тус бүрээр Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 01 тоот албан даалгаврын заалт бүрийг 2011 онд хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар өөрийнх нь хариуцсан ажилтай нь холбогдуулсан илтгэх хуудсаар авч, Дүүргийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт өгч прокурор тус бүрт 2012 онд анхаарч ажиллавал зохих зүйлийг тодорхойлж өгсөн байна.
2. Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 01 тоот албан даалгавар болон Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 тоот тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-т Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 32 тоот тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлт, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 94 тоот тушаал, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Хуульзүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 87/111/118 тоот тушаал, захирамжуудыг хяналтын прокурор тус бүрт гарын авлаг болгон өгч, тодорхой хугацаа заан судлуулсны гадна дүүргийн прокуророос эдгээр удирдамжийн баримт бичгүүдийн талаарх мэдлэгийг сорих сорилгын асуулт боловсруулан хяналтын прокурор, прокурорын туслах ажилтнуудаас шалгалт авч, дүнг дүүргийн прокурорын газрын шуурхай зөвлөгөөнд танилцуулжээ.
3. Орлогч прокурор О.Алтангэрэл 2011 онд прокурорын даалгаврын хууль зүйн үндэслэл, биелэлтийн байдлыг улирал тутам шалган, дүнг дүүргийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурал, шуурхай зөвлөгөөнд танилцуулж, алдаа зөрчлийг тухай бүр нь засуулж байсан боловч прокурорын даалгаврын бичилт, түүний хуульзүйн үндэслэл шаардлагын хэмжээнд бүрэн хүрэхгүй, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар прокурорын даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй хугацаа алддаг, ЭБШХууль зөрчин байцаан шийтгэх ажиллагаа явуулдаг зөрчил таслан зогсоогдохгүй давтагдан гарч байгаад дүгнэлт хийж, дүүргийн прокуророос зөвлөмж гарган нийт прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт хүргүүлсэн байна.
4. 2011 оны жилийн эцэст тус дүүргийн прокурорын газраас 2011 онд хийсэн нийт шалгалтын чанар, үр дүн, шалгалтын материалын бүрдүүлэлтийн байдлыг дүүргийн прокуророор батлуулсан удирдамжийн дагуу шалгаж, шалгалтыг чанар муутай хийгдсэн, материалын бүрдүүлэлт хангалтгүй байсан зэрэг дутагдлыг арилгуулахаар үүрэг даалгавар өгчээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ