“Нийгмийн даатгалын сан хоосорсон уу? 

img

 

2025 оны зун. Ажилгүй болсон Б.Мөнхгэрэл Нийгмийн даатгалын газраар хэдэнтээ орж, ажилгүйдлийн тэтгэмжээ хэзээ дансанд нь орох тухай лавлажээ. Тэрээр ажилгүйдлийн тэтгэмж авах баримтаа бүгдийг нь бүрдүүлээд өгчихсөн, шимтгэлээ таслалгүй төлсөн. Гэтэл НДС-аас авах ёстой ажилгүйдлийн тэтгэмжээ хугацаандаа авч чадаагүй бөгөөд түүнд өгдөг хариулт нь ‘’системд хүлээгдэж байна’’ гэдэг ганц үг.  Сүүлийн саруудад ийм гомдол хэдэн мянгаараа хөвөрч байна. Нийгмийн даатгалын сан “хоосорч байна”, “тэтгэмж олгох мөнгө хүрэхгүйд хүрчээ” гэсэн мэдээлэл тасарсангүй.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайланд дурдсанаар, 2024 онд сангийн орлого 5.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос өсжээ. Гэвч зарлага нь 5.4 их наяд төгрөгөөр дагаж нэмэгдсэн байна. 2025 оны эхний хагасд ч мөн адил орлого 3.2 их наяд, зарлага 2.9 их наяд төгрөг хүрсэн байна. Тоон үзүүлэлт дээр бол “өсөлт” харагдаж буй ч, гүйцэтгэл дээр зарим тэтгэмжийн сан тэр дундаа ажилгүйдлийн сан  алдагдалтай ажиллаж буй. Дэлхийн банкны судалгаанд ажилгүй иргэдийн тавны нэг нь л ажилгүйдлийн тэтгэмж авдаг гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бол манай даатгалын хамрах хүрээ хязгаарлагдмал, сангийн чадавхи сул байгааг харуулж буй юм.

Даатгалын сангийн орлого зөвхөн төрөөс бус, ажил олгогчдын төлсөн шимтгэлээс бүрддэг. 2024 оны эцсээр 37 мянган ажил олгогч нийт 510 тэрбум төгрөгийн шимтгэл төлөөгүй байна. Энэ нь нөгөө талаараа сангийн орлогын урсгалыг тасалдуулж, тэтгэмж олголтыг хойшлуулж буй гол шалтгаан. Ийнхүү нэг талд ажилгүй иргэн тэтгэмжээ хүлээж байхад, нөгөө талд ажил олгогчийн төлөөгүй авлага, улс төрийн шийдвэр, сангийн удирдлагын сул талууд нийлээд “системийн цоорхой”-г бий болгож буй. Мөн нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг эрсдэлтэй банкуудад байршуулдаг, авлагаа буцаан авч чадаагүй зэрэг асуудлууд ч бий. Үүнээс үүдэн  2012 оноос хойш НДС тасралтгүй алдагдалтай ажиллаж ирсэн. Нөгөө талаар, улс төрийн богино настай шийдвэрүүд ч асуудлыг улам хүндрүүлж байна. Тэтгэвэрийн насыг бууруулах, шимтгэлийн хувь хэмжээг дарах, сангийн хөрөнгийг сонгуулийн өмнөх “нөхөн амлалт”-ын хэрэгсэл болгон ашиглах зэрэг шийдвэрүүд нь урт хугацаанд тогтвортой байдлыг алдагдуулж эцэст нь иргэд хохирч буйг анзаарахгүй орхиж болохгүй. Хэдий болтол урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, амь тариа маягийн энэ тогтолцоогоор явах вэ?  

Хөдөлмөрийн зах зээл, даатгалын систем, засаглалыг хамтад нь шинэчлэхгүй л бол дээрх зовлон дуусахгүй. Ажил олгогчдыг элдэв дарамтаар шахаж байгаад НДС-д хөрөнгөө төвлөрүүлдэг ч ил тод бус, хэн эрх мэдэлтэй нь сангийн хөрөнгийг дурын банкиндаа аваачиж хадгалуулаад алддаг улстөрийн нөлөөг хязгаарлахгүйгээр энэ систем хол явахгүй.
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ