Гадаад зээллэгийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг баталлаа

img

 

УИХ энэ долоо хоногт гадаад зээлийн ашиглалттай холбоотой нэг удаагийн тусгай зохицуулалт бүхий хуулийг яаралтай горимоор баталлаа. “Сэлбэ 20 минутын хот” төслийг хамтад нь оруулж ирсэн ч парламентын өмнөх хэлэлцүүлгээр уг төслийг эсэргүүцэж, хуулийг бүхэлд нь буцаасан юм. Харин Засгийн газар дахин өргөн барихдаа Сэлбийн төслийг хасаж, Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэсэн хоёр том төслийг үлдээн батлууллаа.

Энэ шийдвэрийн цаана улс төрөөс илүү эдийн засгийн бодит шалтгаан байгааг хууль санаачлагчид онцолж байна. Өнгөрсөн оны төсөвт Монгол Улс гадаад зээлээс 1.2 их наяд төгрөг татан ашиглах “орон зай” буюу дээд хэмжээг тогтоосон. Гэтэл дээрх хоёр мега төслийн зөвхөн энэ онд шаардлагатай санхүүжилт 1.8 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсвийн хүрээ хүрэлцэхгүй болсон гэсэн үг.

Нөгөө талд нь Монгол Улсад гадаад зээлийн санхүүжилттэй нийт 74 төсөл зэрэг хэрэгжиж байна. Хэрэв дээрх хоёр төслийн зээлийг тусгайлан зохицуулахгүй бол бусад 72 төсөл мөн санхүүжилтийн гацаанд орох эрсдэл үүсэх байжээ. Тиймээс Засгийн газар энэ удаад “нэг удаагийн зохицуулалт” хийж, хоёр том төслийг төсвийн ердийн хязгаараас тусад нь авч үзэх шийдэл сонгосон байна.

Эдийн засгийн талаас нь харвал энэ бол Монгол Улс хөгжлийн төслүүдээ зогсоохгүй авч явахын тулд өрийн удирдлагын бодлогоо илүү уян хатан болгож буй хэлбэр. Ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол шатахууны импортын хамаарал буурч, валютын гадагшлах урсгал багасна гэж үздэг. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь эрчим хүчний импортыг орлох, баруун бүсийн эрчим хүчний хараат байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөлд тооцогддог.

Гэхдээ эдгээр төслийг дэмжиж байгаа ч гадаад өрийн дарамт нэмэгдэх эрсдэлийг эдийн засагчид сануулсаар байна. Учир нь Монгол Улсын эдийн засаг уул уурхайн орлогоос өндөр хамааралтай хэвээр байгаа үед их хэмжээний зээл авах нь төсөвт урт хугацааны дарамт үүсгэж болзошгүй. Тиймээс гол асуудал нь зөвхөн зээл авахдаа бус, тэр мөнгийг хэр үр ашигтай зарцуулж, төслүүд бодитоор эдийн засгийн өгөөж авчрах эсэх дээр төвлөрнө.

Энгийнээр хэлбэл, төр одоо “өр тавьж бүтээн байгуулалт хийх” сонголтыг үргэлжлүүлж байна. Харин ирээдүйд энэ өр нь эдийн засгийг тэлэх хөрөнгө оруулалт болох уу, эсвэл татвар төлөгчдийн нуруун дээр үлдэх дарамт болох уу гэдгийг төслүүдийн үр дүн шийдэх юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ