2 хувийн татварыг хүчингүй болгуулах уу?
Өнөөдөр /2025.11.06/ Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөрөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Түүнчлэн энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах хэрэгтэй” хэмээн саналыг санаачлагч хуульч О.Батхүү хэлжээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар Монгол Улсад хувь хүн “үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого”-д үндэслэн 2 хувийн албан татвар ногдуулдаг.
Харин 2025 оны 8 сараас иргэд 100 мянга гаруй гарын үсэг цуглуулж, уг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл өрнөж, Улсын Их Хурлын төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг хүртэл байгуулагдаад байна.
Дэлхийн улс орнуудад иргэд орон сууцаа зарахад хөрөнгийн өсөлтийн татвараас чөлөөлөгддөг аж. Тухайлбал, Англид иргэн анхны орон сууцаа зарах тохиолдолд татвараас чөлөөлөгдөнө. Хэрэв хоёр дахь удаагаа эсвэл түрээсийн байраа зарах бол 18-28 хувийн татвар төлдөг байна.
Хуулийн дагуу хувь хүн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоосоо 2 хувийн албан татвар төлж буй. Энэ татвар нь тухайн борлуулсан хөрөнгийн үнэ дээр биш, “орлого” буюу борлуулалтын дүнгийн 2 хувь байх зарчимтай. 2024 оны байдлаар Монгол Улсад нийт 41 мянга 149 үл хөдлөх хөрөнгө борлуулалт бүртгэгдсэнээс 32 мянга 933 нь орон сууцны борлуулалт байжээ. Түүнчлэн нийт борлуулах үнэлгээ нь 5.7 их наяд төгрөг байснаас 4.6 их наяд нь орон сууцны борлуулалт. Татварын байгууллагын мэдээлснээр уг 2 хувийн татвараар 2024 онд 115.4 тэрбум төгрөг улсад төвлөрчээ. Улсын төсөвт жил бүр 100 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа 2 хувийн татвар бол эдийн засгийн хувьд чухал эх үүсвэр.
Гэхдээ иргэдийн хувьд энэ нь амьдралын зайлшгүй хэрэгцээг татварын орлого гэж тооцсон шударга бус тогтолцоо гэж харж буй. Тиймээс дээрх хоёр хувийн татварыг цуцлах уу? аль эсхүл оновчтой болгож шинэчлэх үү гэдэг шийдвэрийг төр бодит тоо баримт, иргэдийн амьдралын бодит байдалд тулгуурлан гаргана биз
СЭТГЭГДЭЛ БИЧИХ