ЭРХҮҮДИЙН ЭЭДРЭЭ

img

 

2025 он. Улаанбаатар хот. Талбайн өмнөх цэцэрлэг. Нарлаг зуны сайхан өдөр. "Хөөе. Наанаа шээхээ болиоч ээ" гэж хүмүүс хашхиралдана. "Хаана шээх нь миний эрх. Би юу дуртайгаа хийх эрхтэй, би ардчилсан Монголд амьдарч байна" нэг нь гөжнө. Цагдаа ирж яваа харагдав.

МЭӨ 399 он. Эртний Афин хот. Хотын иргэд хуралдаж буй нь энэ аж. Тэд залуусын толгойг буруу зүйлд уруу татаж байгаа, хэрэн хэсэж яриа өдөгч Сократыг шүүж байна. Хот 250 000 хүнтэй. Үүнээс хүүхэд, эмэгтэйчүүд, боол, цагаач хүмүүсийг хасаад зөвхөн 30 000 хүн л иргэний эрхтэй байж энэ хуралд суудаг, бас санал өгдөг байв. Тэд олонхийн саналаар түүнд хор уулгаж алах ял оноох болно.

МЭӨ 348 он. Эртний Афин хот. Платон нас барав. Академийг нь хамаатан нь өвлөн авав. Түүний шавь нарын нэг, жинхэнэ мэдлэгийг яаж олж мэдэхийг зааж, А бол А гэсэн гүн мэдлэгээрээ хүмүүсийн оюуны түгжээг тайлсан Аристотл газартай болж Лицейгээ байгуулж хараахан энэ удаа чадсангүй. Учир нь тэр Афины иргэн биш тул газар өмчлөх эрхгүй. Түүний шавь Аугаа Александр хожим энэ байдлыг өөрчилнө.

МЭӨ 20 он. Ром хот. Ромын эзэнт гүрний хамгийн баян иргэн Маркус Эврикас өөртөө болон эхнэртээ хаадаас дутахгүй Сүрлэг Бунхан бариулж байна. Энэ хүн бол боол байгаад чөлөөт иргэн болж Ромын иргэний эрхээ эдлэн талхчин болсон. Улмаар Ромд талх нийлүүлдэг болсноор хамгийн баян чөлөөт иргэн нь болов. Хувь хүмүүст эрх чөлөө олговол, эрхийг нь эдлүүлбэл ямар амжилтад хүрч болдгийн үл балрах жишээ энэ бунхны үлдэгдэл одоо ч Ромд сүндэрлэж байна.

1215 он. Англи улс. Винздор болон Стэйнсийн хоорондохь аглаг сайхан бэлчээр газар. Хэргэм цолтой хэдэн зуун хүн цугларч Жон хааныхаа хамтаар маргаанаа тасалж Магна Хартыг баталж буй нь энэ аж. Тэд эзэн хааныхаа дур зоргоороо татварладаг, бас аашилдаг эрхийг нь хязгаарласан, ингэхдээ харьяа иргэдийнхээ гэхдээ одоохондоо зөвхөн Барон, Загалмайтан Хөлөг Баатруудын өмчлөх эрхийг нь шүүхийн хүрээнд хамгаалах боломж олгов. Эрх Чөлөөний Аугаа Тунхаг нэртэй энэ баримт бичгийг улс үндэстнүүдийн үндсэн хуулийн эх гэж үзэх болно. Эрхийн тухай энэ маргаан түр зуур шийдэгдсэн ч цааш бас даамжран үргэлжилсээр үүнээс 100 жилийн хойно дэлхийн анхны Парламент үүснэ.

1689 он. Лондон хот. Англи хүн, эмч Жон Локк Дэлхийг өөрчилсөн, сонгодог либерализмын үндэс болсон "Засаглалын Хоёр Сургууль"-аа туурвилаа. Тэрбээр жам ёсны төлөв, хууль гэсэн ойлголтыг ашиглан хувь хүний суурь эрх ямар зүйл болохыг тайлбарлах мөртөө бас үүнээс яагаад төр үүсдэг, нийгмийн гэрээ гэж юу болохыг дэлгэв.

Төрөхөөсөө л хувь хүн ямар ч төр, хаан, эзэнд захирагддаггүй. Бүгд ижил тэгш байж, нэг нэгнээсээ илүү эрх дарх үл эдэлнэ. Төрсөн орчин, нас хүйс, хөрөнгө чинээ зэрэг хэн нэгэнд бусдыг захирах, тэдний өмнөөс юу хийхийг нь заах ёсгүй. Хувь хүний мөн чанар Дэлхийн хаана ч, ямар ч соёлд, аль ч цаг үед ижил байдаг. Байгалийн буюу жам ёсны хууль хүмүүсийн үйл хөдлөлийг захирдаг гэж Локк бодсон бөгөөд энэ хуулийг саруул ухаант хүмүүс оюун ухаанаа ашиглаж олж нээдэг. Ийм хууль хүмүний ямар нэг инститүц, эрх дархаас өмнө оршиж байсан, тэдгээрээс ангид оршдог суурь эрхүүд хувь хүнд байдгийг харуулдаг. Эдгээр эрхэнд амьд явах эрх (хэн ч таны амийг хөнөөх эрхгүй), эрх чөлөөтэй байх эрх (хэн ч хүнийг түүний зөвшөөрсөн саналгүйгээр захирах ёсгүй), өмчтэй байх эрх (өөрийн өмчөө хүн дураараа захиран зарцуулах) орно.

Хэрэв төр засаг нь хүмүүсийн байгуулсан энэ гэрээг зөрчвөл түүнийг хүч хэрэглэн түлхэн унагаах эрх, үндэслэл хувь хүмүүст нээлттэй. Хууль ёс, хүмүүст тэгш хандах, ардчилсан хариуцлага тооцох зэрэг зарчим чөлөөт хүмүүс нийтлэг ашиг сонирхолдоо үйлчлүүлэх гэж төрөө байгуулдаг гэсэн суурь гүн мэдлэгээс ургаж гардаг. Гэхдээ төрөө хязгаарлах учиртай.

1748 он. Франц улс. Монтескю "Хуулийн Амин Сүнс" номоо хэвлүүлж түүндээ төрийн эрх мэдлийг зааглаж хуваах онолоо тайлбарлажээ. Ингэвэл эрх мэдлийн салаанууд харилцан биесээ хянаж, бас тэнцвэржээд хувь хүний эрхийг хамгаалдаг.

1789 он. Вашингтон хот. "Америкчууд бид ... ёс төгөлдөр тунхаглаж, үүсгэж тогтоов" гэж эхэлдэг, хувь хүний жам ёсны эрхийг хамгаалах нэмэлтүүдээ хожим нь 1791 онд оруулж тунхагласах Үндсэн Хуулиа батлав. Энэ нь хувь хүний эрхийг хамгаалсан анхны бас хамгийн үр дүнтэй үндсэн хууль, мөн бусад үндсэн хуулиудын загвар болсон билээ.

Нэгэнт эрхийг нь хамгаалсан үндсэн хуульт төр засгийн тогтолцоо үүссэн тул хувь хүмүүсийн чөлөөт солилцоонд тулгуурладаг, Адам Смитийн хэлснээр үл үзэгдэх гар оролцдог чөлөөт зах зээл үүсэв. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт зах зээл, эдгээрийг хамгаалдаг хууль ёс ажилладаг тогтолцоо болох капитализм ажиллаж эхлэлээ. Хүмүүс нэгэнт газрын эздэд захирагдах ёсгүй, өөрийгөө мэдэх эрхтэйгээ мэдсэн тул тэсэхийн аргагүй хүнд газар тариалангийн хүнд ажлаа орхиж бөөнөөрөө хотод очин аж үйлдвэрт ажиллаж амьдралынхаа нөхцөлийг сайжруулав. Маш хурдан хөгжил дэвшил нийгэмд ирэв.

1859 он. Англи улс. Эрх Чөлөөний Тухай номдоо хувь хүний үйлдэл бусдыг хохироохгүй бол эрх чөлөөтэй, эрхтэй байх ёстой гэсэн утгатай үл хохироох зарчмаа Ж. С. Милл олонд танилцуулав.

Хувь хүний заяагдмал буюу жам ёсны эрхийн тухай ойлголт хөгжсөөр улам бүр нарийн нийлмэл болов. Эдгээр эрх негатив-шинжтэй бас позитив-шинжтэй байдгийг таньж мэдлээ. Хөндлөнгөөс-үл заасан шинжтэй буюу негатив-шинжтэй эрх нь бусад хүнд ямар нэг үүрэг оноодоггүй бас уг эрхээ хүн эдлэхэд нь бусад хүн, үүн дотроо төр засаг ч хөндлөнгөөс үл оролцох ёстой тийм эрхийг хэлнэ. Үүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, шашин шүтэх эс шүтэх, өмчийн эрх гээд эрхүүд ордог. Харин хөндлөнгөөс-заасан шинжтэй буюу позитив-шинжтэй эрх бол үргэлж бусдад, үүн дотроо төр үйлдэл хийх үүрэг ногдуулах замаар, бусад хүмүүсийн зардлаар эдэлдэг, сурч боловсрох, өндөр наслах, цалин авах, тусламж авах, сонгуульд оролцох зэрэг эрхүүд юм. Хаек гуай үг хэлэх, шашин шүтэх зэрэг негатив эрх үргэлж төрийн эрх мэдлийг хязгаарласан, хувь хүний эрх чөлөөг хамгаалсан хоёрдмол шинжтэй гэж үздэг.

Дэлхийн II Дайны дараа НҮБ сонгодог либерал эрхүүд (1-21-р заалт)-ийг Оросын Марксист Хувьсгалаас гарсан шал өөр эрхүүд (22-28-р заалт)-тэй хүчээр нэгтгэж эдгээрээ хүний үндсэн эрх гэж бантагнуулсан Хүний Эрхийн Универсал Тунхаглалыг баталсан гэж Хаек гуай Хууль, Хууль Тогтоох Явц, Эрх Чөлөөнийхөө 2-р бодитод 1976 онд өгүүлсэн.

Хувь хүн бусад хүний хөлс хүч, мөнгөөр амьдрах эрхтэй байх нь ёс суртахуунгүй зүйл, бас капитализмд үл тэвчих зүйл.

Манай үндсэн хуулийн 10-р зүйлийн 2, 4-7. 9-12-р заалтад боловсрол, эрүүлмэнд, халамж, орчин бүрдүүлэх, сонгууль өгөх, хөдөлмөрлөх нөхцөл зэрэг олон позитив шинжтэй эрхүүдийг жагсаан бичжээ.

2025 он. Улаанбаатар хот. Нэг залуухан ээж уурлаж байна. Төр засаг "цалинтай ээж" гэсэн халамжийн хөтөлбөрийн хүрээнд, анхны хүүхдээ асарсан 60 сарын хугацаанд 3 саяхан төгрөг өгсөн, би яаж энэ мөнгөөр чинь амьдрах юм бэ гэж энэ ээж уурлав. Хүүхэд гаргасан учраас бусдаар тэжээлгэх позитив-шинжтэй эрхтэй гэж өөрийгөө боджээ янз нь.

Чөлөөт нийгмийн суурь зарчим болсон хувь хүний эрхийг ч бас ээдрээтүүлж болдог.

Тиймээс сэрэмжтэй байхтун, үнэнийг олж мэдэхтүн.

Үргэлжлэл бий...

Н. Жаргал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ