Г.Занданшатарын “Шинэ итгэл – Эрс шинэтгэл”
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар уг баримт бичгийг “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” нэрийн дор олон нийтэд танилцуулж, дараагийн таван жилийн хөгжлийн зорилт, шинэчлэлийн суурийг тавьж буйгаа өчигдөр /2025.11.09/ олон нийтэд мэдээлсэн юм.
Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан, улс орны хөгжлийн дараагийн шатны замын зураглал гэж Г.Занданшатарын Засгийн газар тодорхойлжээ.
Шинжлэх ухаанд тулгуурласан таван жил
Ерөнхий сайдын хэлснээр, Монгол Улс өнгөрсөн 30 жилийн турш хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтворгүй байдлаас болж ихээхэн цаг алдсан. Төр солигдох бүрд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал, залгамж халаагүй явж ирсэн нь эдийн засгийн өсөлт, нийгмийн итгэлцэлд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэв.
Иймээс шинэ таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд тулгуурлан, судлаач эрдэмтдийн оролцоотой, олон нийтийн санал бодолд нийцүүлэн боловсруулжээ.
Баримт бичиг найман чиглэлд төвлөрчээ. Үүнд:
- Хүний хөгжил,
- Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл,
- Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил,
- Байгаль орчин, ногоон эдийн засаг,
- Засаглал, дижитал шилжилт,
- Бүсийн хөгжил,
- Үндэсний өрсөлдөх чадвар,
- Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун
Төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах, боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг шинэчлэх, бүс нутгийн хөгжлийн ялгааг бууруулах, шударга өрсөлдөөн, ил тод байдлыг хангах зэрэг тодорхой зорилтууд багтсан байна.
Дэлхийн эдийн засгийн шинэ дэг журам ба Монголын амбиц
2020 оны дунд үеэс дэлхий нийт эдийн засгийн шинэ “удаашралын мөчлөг”-т шилжээд буй. Дэлхийн Банкны 2024 оны тайланд дэлхийн эдийн засгийн өсөлт дөнгөж 2.6 % орчимд тогтсон нь цар тахлын өмнөх үеэс хоёр дахин бага үзүүлэлт юм. Өндөр хүү, өрийн дарамт, геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь өсөлтийн хязгаарыг тодорхойлж байна.
Ийм нөхцөлд Монгол Улс 6 хувиас дээш өсөлт төлөвлөж буй нь зоригтой ч, амбицтай алхам. Уул уурхайд тулгуурласан өнөөгийн эдийн засагт төрөлжилт сул байгаа ч “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” бодлого үүнийг өөрчлөхийг зорьжээ.
Хэрэв боловсруулах үйлдвэрлэл, дижитал технологи, ногоон эдийн засгийн чиглэлээр бодит хөрөнгө оруулалт, дэмжлэг үзүүлж чадвал, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд шинэ “эдийн засгийн зангилаа” болох суурийг тавьж мэднэ.
Улс төрийн сорилт ба засаглалын шинэчлэл
Эдийн засгийн амжилтыг улс төрийн тогтвортой байдал, засаглалын ил тод байдал л баталгаажуулдаг. Монгол Улсад сүүлийн жилүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн шийдвэрийн уялдаа сул байгааг олон улсын судалгаанууд онцолдог.
Шинэ төлөвлөгөөнд “иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан нь эдийн засгийн үндсэн нөхцөл болох итгэлцлийг сэргээх алхам болж мэднэ.
Мөн “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлэхээр заасан нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, авлигын эрсдэлийг хязгаарлах дижитал шилжилтийн эхлэл болох магадлалтай.
Хүний хөгжил ба нийгмийн шинэ үе
Төлөвлөгөөнд нийгмийн салбарыг орхигдуулаагүй байна. Боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөц бэлтгэх, хүний хөгжлийн индексийг 0.813 оноонд хүргэх зорилт дэвшүүлжээ.
Дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны ил тод байдлыг сайжруулах зорилт нь нийгмийн тогтвортой байдлын суурийг тавих алхам юм.
Ногоон бодлого ба дэлхийн чиг хандлага
Уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засгийн асуудал дэлхий дахины гол сэдэв болж байна. Европ, Азийн орнууд сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн татвар, хаягдалгүй үйлдвэрлэлийн бодлогоо хүчтэй хэрэгжүүлж буй энэ үед Монгол Улс “Байгаль орчин, ногоон эдийн засаг”-ийн чиглэл тусгасан нь цаг үеэ олсон алхам гэж хэлж болно.
Гэхдээ бодит үр дүн нь зөвхөн зорилго бичсэнээр бус, санхүүжилт, хөрөнгө оруулалт, дотоод уялдаа хэр сайн бүрдэхээс шалтгаална.
Хөгжлийн амжилтын түлхүүр: Бодлогоос хэрэгжилт рүү
Монгол Улс төлөвлөгөө гаргахдаа сайн орон. Харин хэрэгжүүлэхдээ тааруу гашуун туршлага бий. Энэ удаа Засгийн газар “бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ” гэсэн гинжин уялдааг хатуу баримтлахаа илэрхийлэв.
Энэ зарчим бодитоор хэрэгжвэл Монгол Улс 2030 он гэхэд эдийн засгийн төрөлжилттэй, шударга өрсөлдөөнд тулгуурласан, технологид суурилсан шинэ шатанд гарах боломжтой. Харин энэ бүхнийг “зөв засаглал” л баталгаажуулна.
Итгэлийг сэргээх таван жил
“Шинэ итгэл – Эрс шинэтгэл” гэдэг нь итгэл сэргээж, шинэчлэл авчрах зорилготой баримт бичиг гэж ойлгогдож буй. Монгол Улсын ирэх таван жил зөвхөн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт биш, төр, иргэн, бизнесийн харилцаанд итгэлцлийг сэргээх сорилттой нүүр тулах нь. Дэлхийн эдийн засаг урагшлахад бэрх байгаа энэ үед Монгол Улс зөв төлөвлөлт, тууштай хэрэгжилт, нээлттэй засаглалаараа ялгарч чадвал, бүс нутгийн тоглогчдын дунд жинтэй байр суурь эзэлж чадна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ