П.Сайнзориг: Ургийн овгоо мэдэхгүй иргэд ихэвчлэн “Боржигон“ гэх овгийг үүсгэсэн байдаг гэжээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийн үеэр ургийн овгийн асуудал хөндөгдсөн. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг цахим хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр,
"Цус ойртолтоос урьдчилан сэргийлэхийн тулд ургийн овгийг бодитоор тогтоох боломжийг төрөөс иргэдэд олгох ёстой.
Засгийн газрын 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор иргэний гэр бүлийн бүртгэлийн ажлыг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцан ажиллаж байсан бөгөөд иргэний үнэмлэхээ шинээр авах, иргэний паспортаа солиулах иргэдээс “Иргэний үнэмлэх авах өргөдөл”-д овгийг өөрсдөөс нь асуусны үндсэн дээр овгийг тодорхойлж байсан бөгөөд овгоо мэдэхгүй иргэд ихэвчлэн Боржигон гэх овгийг үүсгэсэн байдаг.
Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 257 дугаар тогтоолоор хүчингүй болсон “1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаар “Угийн бичиг хөтлөх журам батлах тухай” журмын хоёрт “Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна” гэж заасны дагуу өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ шууд хэрэглэнэ харин овгоо олж хэрэглэх боломжгүй буюу тэдгээр нь өөрт таалагдахгүй тохиолдолд зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно гэж зааж мөрдүүлж байжээ.
Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 91652 овог бүртгэлтэй байна.
Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Боржигон овогтой 582,965, Боржигин овогтой 172,528, Боржгон овогтой 38,389, Боржгин 17,811, Хиадборжигин 1783, Хаадборжигон 1640 бүртгэлтэй бол Боржигон утга орсон овогтой 593,609 гаруй иргэн бүртгэлтэй байна.
Хамгийн их түгээмэл хэрэглэгдэг Боржигон овгийн дараа Сартуул 57,056, Тайж 55,194, Монгол 48,741, Шарнууд 40,428, Бэсүд 35,009, Харчин 34,803, Чонос 22,521, Өөлд 21,015, Олхонууд 20,589, Борлууд 15,011 овог бүртгэлтэй байна.
2016 оны судалгаагаар нэг сумын цөөн хэдэн багийн хүн амын 85.4 хувь нь өөр хоорондоо гэр бүл болдог нь тогтоогдсон. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд заналхийсэн чимээгүй тахал, аюул болоод байгааг бид ойлгох цаг болсон. Өөрөөр хэлбэл цус ойртолт ихэсч, ургийн гажиг нэмэгдсэн, түүнчлэн Монголчуудын дунд хавдар залуужсан, түгээмэл болсон, энэ цус ойртолттой бас холбоотойгоор судлаачид хэлж байна. Монголчуудын хувьд нийт цус ойртолтын 97.24 хувийг шууд цус ойртолтын хэлбэр эзэлдэг гэсэн байна. Энэ бол ноцтой зүйл юм.
ҮАБЗ-н Стратеги судалгааны хүрээлэн судалгаанд “Монгол Улсын засаг захиргаа өнөөгийн байдлаар 21 аймаг, 330 сум, 1639 багт хуваагдсан бүтэцтэй байгаа. Засаг захиргааны ийнхүү хэт жижиглэсэн бүтэц нь хүн амын чөлөөт хөдөлгөөнийг хязгаарлаж цус холилдох үзэгдлийг түгжигдмэл байдалд оруулдаг сөрөг үр дагавартай.” гэж дүгнэсэн байдаг.
Дараагийн постоор цус ойртолтын талаарх судлаачдын дүгнэлтийг оруулах болно.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэж энэ цаг доор ургийг овгийг хэрэглээг бодитой болгох бидний нийтлэг эрх ашиг байх болно, элдэв янзын нөхдөд энэ бол хөндүүлж яриулахгүй байх сэдэв байх нь гарцаагүй" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ